”Ардчилсан нам ард түмнээ бодлоо”

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 01 сар 21

Өчигдөр хуралдах товтой байсан АН-ын ҮЗХ-ны хурал "бүтэлгүйтэв". Эл бүтэлгүйтэлдээ АН-ын албан бус генсек нь хүүхдийн хариулт өгөөд сууж байх юм. Тэрбээр "Улс төрийн онцгой нөхцөл байдал бий болсон. УИХ-ын гишүүн Г.Уянга Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьчихлаа. Тиймээс манай намын гишүүд эх орон, ард түмний эрх ашгийг урьтал болгож ҮЗХ-гоо хуралдуулах товоо тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа" гэжээ. Тэгж л их ард түмэн, эх орноо урьтал болгож шийдвэр гаргасан юм бол намын даргатайгаа хурал болох хүйтэн зааланд ирж цаг гаруй хүлээж суух шаардлага байсан уу гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирнэ. Тэр ч байтугай АН-ын лидерүүд нь хүртэл ирээд суучихсан яахаа мэдэхгүй байгаа харагдана лээ. Эсвэл ҮЗХ-ны хурал хойшилсон гэдгийг намын дарга, албан бус генсек хоёртоо "зохион байгуулагчид" нь хэлээгүй бололтой юм. Ингэхээр намын дарга, генсек хоёроо "жийгээд" хэсэг нөхөд ярьж байгаад ард түмнээ бодох нь зөв гээд шийдчихсэн болж таарах нь.

 Зарим хэвлэл мэдээллээр "Алтангадас" тэргүүтэй хэд хэдэн фракц нь "Шонхор"-ыгоо бойкотлоод ирэхгүй байгаа гэнэ. Энэ нь албан бус генсекийн албан ёсны тайлбараас хамаагүй үнэмшилтэй санагдана. Өнөөдрийн улс төрд үүсээд буй нөхцөл байдлыг харахад "Алтангадас", "МоАХ" хоёр нэгдэн нийлж, жижиг фракцуудаа хань татан З.Энхболд тэргүүтэй С.Эрдэнэ удаатай "Шонхор" фракцыг намын удирдлагаасаа авч хаях "бичил төсөл" боловсруулаад зав муутай байсан учраас өнөөдрийн хурлыг мартсан сураг чих дэлсэв. Ч.Сайханбилэг нь зунжингаа намын даргатайгаа ана мана үзэлцэж ҮЗХ-гоо хуралдуул гэсэн шаардлага хүргүүлж байсан ч З.Энхболд үл тоосон. Үүгээр ч зогсохгүй З.Энхболдын дарангуйллыг зогсоох зорилгодоо Ерөнхийлөгчийг татан оролцуулж Зи-гийн түрийвчийг зузаалах үүрэгтэй "Женко" Х.Баттулгын шадар хүнийг хориулсан билээ. Тухайн үед нь "Женко" Зи-гээс тусламж хүсэн очсон ч үл тоож, арьсаа хамгаалахыг илүүд үзсэн нь "бичил төсөл"-ийг боловсруулах гол шалтгаан болжээ.

 Намын дарга болсон даруйдаа фракцгүй нам боллоо хэмээн сүржин мэдэгдэж асан З.Энхболд өнөөдрийг хүртэл хэдэн фракцынхаа учрыг олж чадахгүй байгаад гайхах хүн алга. Улс төрд хөл тавьсан цагаасаа хойш хор найруулж ирсэн тэрбээр хүн удирдаж үзсэн биш яаж учрыг нь олох вэ. Дээрээс нь нэг цул нам биш шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг олон фракцтай намыг зангидна гэдэг З.Энхболд шиг хүнд бол ахадсан ажил. Харин ч З.Энхболдыгоо бодвол Н.Алтанхуяг нь дориухан шиг зангидаж байжээ гэх хүн цөөнгүй. Ийн яах учраа олохгүй ядарч явахад нь итгэл үзүүлж тавьсан албан бус генсек нь ард түмнээсээ гавьяа нэхэж дургүй, уур хоёрыг нь зэрэг хүргээд авсан нь саяхан. Ер нь л бол хэвлэлд өгсөн ярилцлага болгоноороо намынхаа ритейнгийг унагаж явдаг тийм л нөхөр. Өнөөдрийн генсекээс өмнөх эмэгтэй генсек нь илүү ажиллаж, сэтгүүлч хүн болохоор асуудлыг өөр өнцгөөс харж ярьсан ярилцлага болгоноороо намдаа нэмэх оноо авчирдаг байв. Ямар ч байсан "Ард түмнээ бодсон" АН-ынханд баярлалаа. Гэхдээ л иймэрхүү дарга, генсектэй хол явна гэдэг тун ч бэрх... Сонгууль болтол ч энэ намд ёстой жинхэнэ "алаан" болно доо, бурхан минь гэж...

 С.НЭМЭХ

www.zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх