З.Энхболдоо "Амьдаа" шигээ л бай л даа

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 01 сар 23 ・ 1

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаагүй нь өнөөдрийн улс төрийн халуун сэдэв болж байна. Монголын улс төрийн намуудаас хамгийн их дотоод ардчилалтай хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг Ардчилсан намынхны дотоод ардчилал нь “дотоод алаан” болжээ гэж гишүүд дэмжигчид нь үзэж буй.

Намын даргын суудлыг “Шонхор” фракцаас булаах санаархалтай “Алтангадас”-чууд МоАХ-г хөдөлгөж чадсан нь З.Энхболдыг нэлээдгүй сандаргаад авсан сураг бас дуулдав. Уг нь УИХ-ын даргын тактикаар бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг Г.Уянгын автортай унагаж, С.Эрдэнийг Ерөнхий сайд болгох байлаа. Эл тактик нь ҮЗХ хуралдахаас хэдхэн цагийн өмнө задарч “Алтангадас”-чууд хариу арга хэмжээ авсан нь З.Энхболдыг ацан шалаанд оруулсан.

Тэрбээр Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж, намын даргыг нь булааж авснаар “Алтангадас” фракцийг нэг мөсөн дарж авлаа гэж бодсон нь том эндүүрэл байж. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурал дээр “Алтангадас” амьд шүү гэдгээ ширүүхэн зарласан. Н.Алтанхуягийн гарын хүн Б.Ургамалцэцэг нь УИХ-ын гишүүн С.Одонтуяатай даргын суудлын төлөө өрсөлдөж хоёр ч удаа 40 гаруй хүний саналаар ялсан юм байх. Гэсэн ч З.Энхболдын талынхан тооллогын үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй дахин санал хурааж нэгхэн хүний саналаар С.Одонтуяа ялсан байдаг. Баянгол дүүргээс С.Эрдэнэд чирэгдэн УИХ-д орж ирсэн С.Одонтуяа шууд утгаараа З.Энхболдын харааны хүн юм. Нам дотроо өөрийн хүчээ тэлэх гэсэн З.Энхболдын санаа нэг л олигтой болж өгөхгүй байх шиг. Нөгөө талд МАН-ын дарга М.Энхболд намаа зангидаж, нэг тугийн дор нэгтгэж чадсан нь эрх баригчдад үнэхээр таалагдсангүй.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон МАН-ын Бага хурал тун ч дориухан болж, хэл ам гаргах магадлалтай байсан хүмүүсээ Удирдах зөвлөлдөө шингээж чадсан нь МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын улс төрийн нарийн нүүдэл байлаа. Харин Ардчилсан намын дарга З.Энхболд, генсек Л.Эрхэмбаяр хоёр намаа нэгэн тугийн дор одоо болтол нэгтгэж чадахгүй байгаа нь арай жулдаад байгаатай холбоотой хэмээн улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцэж байна. Нарийндаа бол яг ч жулдсан хэрэг биш. З.Энхболдын нам доторхи дарангуйлал, УИХ, Засгийн газрыг дангаар захирах гэсэн явуургүй амбицаас болсон хэрэг. Бүр сүүлдээ З.Энхболдын ганцаар ноёрхох гэсэн дон Монгол Улсыг хямралт байдал руу хөтөлж эхэллээ. Эдийн засаг, ард түмний амьдрал, бизнес эрхлэгчид гээд хямраагүй газар, салбар гэж байхгүй болжээ, өнөөдөр. Цаашлаад УИХ өөрөө хямралд өртөж эхлэв бололтой. Өчигдөр л гэхэд УИХ-ын дарга маань хуулийг өөрийнхөө өмнө хүчин мөхөсдүүлж, жинхэнэ утгаар нь “гууль” болгох шив дээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнийг мөн ч амархан хольж солих юм аа. Энэхүү балмад үйлдлийг үл тэвчсэн хүмүүс “Төрийн ажил ямар хүүхдийн тоглоом юм уу” хэмээн сошиал ертөнцөөр нэг шуугиж байна.

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд оо… “Амьдаа” шигээ л бай л даа. М.Энхболд чинь намаа зангидчихсан, өөрийг чинь “шоолоод” сууж байгаа. Ардчилсан намын гишүүд, дэмжигчид чинь “арай ч дээ” хэмээн шогширч суугаа. Даргын суудал чинь ганхаад байгаа бол Ч.Сайханбилэг /”Алтангадас” фракц/-тээ өгчих. Тэгээд Засгийн газраа ав... Эцэст нь Монгол Улс хаант биш парламентийн засаглалтай улс гэдгийг сануулчихад илүүдэхгүй байх.

С.ОГТОРГУЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 25/

    Намаа зангидна ч гэх шиг социализм эргээд ирээ юу Энэ нам хэдэн жилийн дараа хэдэн өвгөд нь өнгөрөхөөр сөнөх нь дэ

    Хариулах