“Шийдлийн” биш “Шившигийн” болсон засгийн газартай хариуцлага тооцъё

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 01 сар 26 ・ 3

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны дөрөвдүгээр 5-нд ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “...Төсөвт энэ жил гэхэд л 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая ам.доллараа эргүүлэн олж авна. Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 ширхэг хувьцааны талаар тусгайлан хэлье. Хувьцаа эзэмшиж байгаа нэг сая 800 мянган иргэнд зөвхөн энэ жил гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна...” хэмээн хэлсэн. Түүний амалсан 200 гаруй сая ам.доллар, төмөр замд оруулсан 300 гаруй сая ам.доллар хаана байна вэ. Нэг сая 800 мянган иргэнд хаягласан 100 мянган төгрөг бас хаачив аа. Хамар доорхи хагархай гэдэг шиг санаснаараа бурдаг Ерөнхий сайд маань “Шийдлийн” тодотголтой Засгийн газраа  “Шившиг”-ийн тодотголтой болгочихлоо. Үүгээр ч зогсохгүй “...Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчидтойгоо тохиролцсоны дагуу цалингийн нэмэгдлээ бас шийдэх болно оо” хэмээн ярьж байв. Өнөөдөр Ерөнхий сайдын хэлснээр цалингаа нэмүүлсэн хүн хэд байгаа бол. Харин ч бүр эсрэгээрээ төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар хасч байгаагаа андуураад нэмнэ гээд ярьчихсан юм биш байгаа. Эрх баригчдын эхний Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 17.6 хувьтай байсан эдийн засгийг 7.8 хувь руу бууруулсан “ачтан”. Түүний орыг залгасан Ч.Сайханбилэг 7.8 хувьтай эдийн засгийг өнөөдөр 2.3 руу оруулчихсан байгаа нь “хэний гавьяа вэ”. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг”... Эрхэм Ерөнхий сайдын тунхаглаж асан энэ үг хаачсан бэ.

“Хямрал” гэдэг урилгагүй зочин айл, өрх бүрийн хойморт заларчихсан дур зоргоороо аашилж байхад Ерөнхий сайд маань бэлэн цэцэн үгээрээ ард түмнийхээ тархийг угаагаад сууж байна. Эдийн засгийн хямрал гүнзгийрсэн өнөөдрийн нийгэмд гарч буй гэмт хэрэг нь хүртэл онц хүнд, хэрцгий хэлбэр рүүгээ шилжиж байгаа нь эрх баригчдад өгч буй сануулга. Тэр тусмаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгч буй томоос том анхааруулга. Удаа дараа гарсан банкны дээрмийн хэрэг, гэгээн цагаан өдрөөр хүн дээрэмдэж байгаа нь хямарсан иргэдийн харгислал биш иргэдээ ийм байдалд хүргэсэн төрийн арчаагүйнх... Амьдралаа болгочих санаатай ах дүү хоёр банкнаас зээл авч найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулж эхлүүлсэн боловч арчаагүй төрийн уршгаар дэлгүүр нь дампуурч, банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Банкны дарамтнаас залхсан ах дүү хоёр банк дээрэмдсэн хэрэг гарсан нь нэг хэсэгтээ л шуугиан тарьсан. Дээрх хоёр залууг баригдахад сошиал ертөнцөд эсрэг биш эерэг сэтгэгдэл нь давамгайлж байв. Үүгээрээ би гэмт хэрэг хийх нь зөв гэж хэлэх гэсэнгүй. Дээрх залуучуудыг ийм үйлдэл хийхэд хүргэсэн төр, Засгийн газар, Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой л гэж хэлэх гээд байгаа юм. Төр нь төр шиг, Засгийн газрын тэргүүн нь худлаа ярихаасаа илүү үнэн ажил хийдэг байгаасай л гэж ард түмэн хүсч байгаа.

Өөрсдийн буруу бодлогын улмаас самарч хаясан эдийн засгаа босгохын тулд ард иргэд, бизнес эрхлэгчдийг татвараар дарамталдаг төртэй байхыг бид хүсээгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Татварыг нэмэхгүй. Харин ч бууруулах ёстой” гэж ярьж байсан цаг саяхан. Тэгвэл яагаад нефть, зарим барааны татварыг нэмэх болсон шалтгаанаа ард түмэндээ тайлбарлаж өг гэж шаардах иргэд цөөнгүй байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байхад Монгол Улсад бахь байдгаараа л, хэдэн жилийн өмнө нэмсэн бензиний үнэ яг хэвээрээ. Ийм байхад Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нүдэн балай, чихэн дүлий яваад байгаа нь “гайхалтай”. “Шударга ёс” ярьдаг хүмүүсээс одоо л жинхэнэ “шударга ёс” асууя. Ам, ажлын алд дэлэм зөрүү байхад, ард түмэн чинь аргаа барж, арчаагаа алдаж байхад энэ “Шившиг”-ийн Засгийн газар чинь байгаад л байх уу.

С.ОГТОРГУЙ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 26/

    Zochin naimaa hiiged dampuursan n eronhii saidiin buruu blj bnu teneg yum bichehe bolioche

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 26/

    МАН-ийн захиалгат сэтгүүл зүй гэж мөнгөний төлөө юу ч бичихээс сийхгүй болж дээ.

    Хариулах
  • з / 2016 01 сар 26/

    энэ 2-г одоо харах нь битгии хэл сонсохоос дургүй хүрч байнаа. сувгаа соль соль монголчуудаа

    Хариулах