Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 29
・ 13
Ч.Сайханбилэгийг огцруулах эсэхийг өчигдөр хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан бүрэн ирцтэй, ширүүхэн уур амьсгал дунд бүтэн зургаан цагийн турш Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын Байнгын хорооноос гаргасан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжээгүй санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь буюу 52.6 хувь нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн аж.
Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулсан юм. МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулахыг 100 хувь дэмжсэн гэнэ. УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн бариад байсан билээ. Ийнхүү хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы танхимд ирсэн юм. Тэрбээр "Цаашдаа ийм асуудлыг хэрхэн шийдэж байх талаар санаагаа хэлье. Өмнөх Ерөнхий сайдаа унагачихаад дараагийнхийг хайдаг ажлаа зогсооё. 19 гишүүн түүнээс олон гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гаргаж болно.
Гэхдээ дараагийн Ерөнхий сайдаа оруулж ирдэг байх хэрэгтэй. Үндсэн хуулийнхаа үндсэн зарчимд асуудлаа нийцүүлж ярья. Засгийн газрын, дэгийн хуулинд өөрчлөлтөө оруулья. Муу жишгийг сайнаар өөрчилье. Засгийн газартаа, Ерөнхий сайддаа хариуцлага тооцохдоо сайн жишгийг тогтооё" гэсэн байр суурь илэрхийлсэн. Улмаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг зургаан цаг гаруй хэлэлцсэний эцэст Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжихгүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжие гэдгээр санал хураалт явуулахад гишүүд 57.5 хувийн саналаар зөвшөөрч, Засгийн газрын тэргүүн суудалдаа үлдсэн юм. Ийнхүү Ч.Сайханбилэг суудалдаа үлдсэнээр ЭМС-ын сайдыг томилох тухай ярих үлдлээ. Оны өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болох нь гэсэн яриа гарч байв. Гэсэн ч нэр бүхий гишүүд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн барьснаар дээрх яриа намжаад байсан юм. Харин Ч.Сайханбилэг суудалдаа үлдсэнээр Н.Энхбаяр Шадар сайд болоход нэг алхам ойртов бололтой. Энэ асуултын хариулт тун удахгүй тодорхой болох биз ээ
Эх сурвалж: www.info.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.