Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 30
・ 9
Г.Шийлэгдамба өөрийн холбогдсон хэргийн талаар захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэе.
Олон нийтэд хүргэх ил захидал
Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна.
Үүнд:
Миний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хаягласан 2015.11.05 өдрийн ЭМС-ын сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлэлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй юм.
Чухам бодит байдал дээр юу болсон тухай дурьдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авилгалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм. Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно.
Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн
Дарга Г.Шийлэгдамба /Гарын үсэг нь/
2016-01-26
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.