Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 01
・ 2
Ч.Сайханбилэг сорилтод бүдэрсэнгүй, засгаа хадгалж үлдэж чадсан юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох гомдол Үндсэн хуулийн Цэцэд хүрсэн. Хэрэв Цэц УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэж үзвэл З.Энхболд гаргавал жирийн гишүүн болж хувирна.
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн амьдралд эгзэгтэй мөчүүд дүүрэн байлаа. 2014 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайдын албыг хашиж эхэлснээс нь хойш нэг жил хоёр сарын дараа Ч.Сайханбилэгийг энэ суудалдаа тогтож үлдэх үү, үгүй юу гэдгийг сорив. Улмаар сорилтод бүдэрсэнгүй тэрбээр засгаа хадгалж үлдэж чадсан юм.
Энэ үйл явдал өнгөрсөн долоо хоногийн улс төрийн амьдралын гол өрнөл байлаа. Эрх баригч АН олон асуудал дээр дотроо хагаралтай байгаа хэдий ч засгийн газраа хадгалж үлдэх тал дээр эв нэгдэлтэй байсан бол сөрөг хүчний зүгээс Г.Уянга гишүүний урт хугацаанд 19 гарын үсэг цуглуулж байж өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг чадах ядахаараа дэмжин Ерөнхий сайдыг унагахыг хичээв. Парламентад суудалтай бусад улс төрийн хүчнүүд, бие даагчид ерөнхийдөө дээрх хоёр талд хуваагдаж байлаа.
Бүрэн эрхийнхээ хугацаанд 100 хувийн ирц бүрдүүлсэн чуулганы нэгдсэн хуралдаан гарын таван хуруунд багтам. Тэгвэл Ерөнхий сайдын асуудалд эцсийн мөч хүртэл намууд ач холбогдол өгч байсны илэрхийлэл тэдний ирц байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл энэ хуралдааны төгсгөлд танхимд ирж үгээ хэлэв.
Ингээд Ерөнхий сайд эцэст нь олон давуу тал, учир шалтгаанаар суудлаа хадгалж чадсан. Тэрхүү учир шалтгааны нэг нь МАХН-ын дарга байлаа. Оны өмнө Шадар сайдын суудалтай хүчтэйхэн нэр холбогдоод чимээгүй болсон Н.Энхбаяр мөн “Шударга ёс” эвслийг засагт авч үлдэхийн төлөө саналтай байсан нь Ч.Сайханбилэгийн гол хөзөр байлаа. Хоёр хүн нанчилдахад гурав дахь нь хэний талд орно, тэр нь ялагч болдог шиг л.
Н.Энхбаярын уужуу сэтгэл
Огцруулах тогтоолын төсөлд шаардлагатай гарын үсгийн тоо гүйцмэгц Солонгост эмчилгээндээ явсан гэгдэж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд яаралтай гэгч нь ирсэн. Улмаар “Шударга ёс” эвслийн бүлгээс мэдэгдэл хийж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Г.Уянгын бичигт гарын үсэг зурж орхисон “өөрийн” хүмүүсээ намаас нь хөөнө гэж хүртэл намын даргын зүгээс айлгасан нь ч ил болсон. Үүнийг О.Баасанхүү гишүүн хэвлэлд ярьсан, чуулганы нэгдсэн хуралдаанд Л.Цог гишүүн ч палхийтэл үнэнийг хэлж орхисон билээ. Тэрбээр “Манай Шударга ёс эвслийн байж байгаа царай энэ л дээ. Гарын үсгээ буцаа гэж дарамталсан. Хэрвээ биднийг гарын үсгээ буцаахгүй бол дараагийн сонгуульд оруулахгүй гэсэн” хэмээн намынхаа даргын Ч.Сайханбилэгийг унагахгүй гэсэн хичээл зүтгэлийг олны өмнө илчилсэн.
Оны өмнө МАХН-ын даргыг Шадар сайд болох нь гэсэн мэдээлэл хүчтэй цацагдаж монголчууд бултаараа энэ сэдвээр амьгалж байхад ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга “Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй, тийм болохоор төрийн албанд орох нь бүү хэл УИХ-ын сонгууль цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийг ч алгасахаас аргагүй” гэсэн ойлголтыг өгөхүйц лавлагааг гаргаж тавьсан байдаг. Үүнийг олон нийт ЗГХЭГ-ийн хуульчийн дур мэдэн хийсэн тодорхойлолт гэхээс илүүтэй С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын Н.Энхбаярыг Шадар сайд болгож чадахгүй нь гэсэн санааны илэрхийлэл гэж төвөггүй ойлгоцгоосон билээ. Тэгвэл ийм хариу авсан Н.Энхбаяр яагаад хүнд хэцүү цаг үед нь тулж түшиж явсан О.Баасанхүү, Л.Цог нараа намаас хөөнө хэмээн хатуурхан байж Ч.Сайханбилэгийг өмгөөлөх болов. Үүний ард улс төрийн тохироо байж болно. Байж ч таараа. Н.Алтанхуягийн туулсан замналыг давтахгүй гэсэндээ Н.Энхбаярыг тулах цэг болгохоос өөр зам Ерөнхий сайдад үлдээгүй ч биз. Н.Энхбаярын хувьд ч сонгууль дөхөж байхад Засагт байх нь ашигтай гэж үзээд ийн уужуу сэтгэлээр Ч.Сайханбилэгт хандсан мэт. Харин одоо хэвлэлүүдэд бичээд байгаа шиг өнөөх л Шадар сайдын “залхмаар” суудлаар уу, эсхүл өөр зүйлээр тэд тохиролцсон уу, үгүй юу гэдэг асуудлыг түр орхиод дараагийн сэдэвтээ орьё.
АН-ын ялалт ба МАН өөрөө буланд шахуулсан нь
Ч.Сайханбилэг суудлаа хадгалж үлдэхэд ганцхан Н.Энхбаярын хүчин зүйл нөлөөлсөн гэвэл эндүүрэл. Мэдээж хэрэг дотроо хэчнээн тэмцэлтэй байлаа ч энэ асуудал дээр Ардчилсан намын гишүүд голын нэг эрэгт Сайханаатайгаа хамт зогсож чадсан. Яах аргагүй сонгуулийн өмнө засгаа унагаж “унах нүхээ” малтах гээгүй л бол Ерөнхий сайдаа авч үлдэхээс өөр сонголтгүй гэдгээ тэд мэдэрсэн биз.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.