“Тохирооны” Засгийн газар

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 01

“Тохирооны” Засгийн газар

Ч.Сайханбилэгийн Засгийн газар тохироон дээр тогтож байсныг монголчууд өнгөрсөн пүрэв гаригийн “шөнө дундын яриа”-наас хангалттай харлаа. Үнэндээ энэ засагт эв нэгдэл, зөвшилцөл ойлголцол цаашаа болчихож. Ч.Сайханбилэгийг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр бүх зүйл шантааж, түүнээс үүдэлтэй тохироон дээр л тогтож байгааг зарим гишүүн зах зухаас нь илчлэв. Ганцхан жишээ дурдахад УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Л.Цог уг хуралдааны үеэр “Манай “Шударга ёс” эвслийн бүлгээс гарын үсгээ буцаа гэж дарамталсан. Хэрвээ биднийг гарын үсгээ буцаахгүй бол дараагийн сонгуульд оруулахгүй гэсэн шүү” хэмээснийг энд тодотгоё.
 

СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХГҮЙ ГЭХ БОЙКОТ АН-ЫН ИРЦИЙГ БҮТЭН БОЛГОВ


Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг авч үлдэх эсэхийг хэлэлцэх нэгдсэн чуулган хэд хэдэн түүхэн дээд амжилтыг тогтоов. Тухайлбал, бүтэн зургаан цагийн турш цаг сунган хуралдсан чуулган 01.00 цагт өндөрлөж байх жишээтэй. Бас болоогүй 76-гаас 57 гишүүн үг хэлсэн нь өнөөх л сонгуулийн пи ар-таа анхаарал хандуулж буйн тод жишээ. Засгийн газар бүтэн үлдэх эсэхийг чих тавин сонсоогүй хүн цөөн учраас олноос нэмэх оноо авахын тулд үг хэлж байгаа гишүүд ч цөөнгүй байлаа. Мөн Төрийн тэргүүн 24.00 цагт чуулганы хуралдаанд орж ирж, үг хэлсэн нь ч анхаарал татсан. Түүнчлэн УИХ сүүлийн хэдэн жил байгаагүйгээр бүрэн ирцтэй хуралдсан нь эрхгүй анхаарал татаж байсан юм. Засаг огцруулахад нэгдсэн Г.Уянга нар болон сөрөг хүчнийхэн ирцээ бүрэн гүйцээгээд суух нь анхнаасаа баараггүй байсан. Харин эрх баригч намынхан энэ удаад засаг огцруулах эсэх асуудалд хэрхэн хандахыг харах гэсэн хүн олон байсан нь гарцаагүй. АН-ынхан энэ удаад 100 хувийн ирцтэй байснаар 55.7 хувийн саналаар Засгийн газраа цааш ажиллуулахаар болсон юм. Энэ асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаан 20.00 цагийн үед эхэлсэн бөгөөд 23.00 цаг хүртэл 98 хувьтай буюу Х.Баттулга гишүүнгүй хуралдаж байсан юм. Харин тэрбээр 23.00 цагийн үед хуралдаандаа ирж сууснаар ирц 100 хувь болов. АН-ынхныг ирцээ хэрхэн бүрдүүлэх, гишүүдээ хайрцаглаж чадах эсэх нь хэзээд эргэлзээ дагуулдаг. Учир нь, энэ асуудалд тэдэнд муу түүх олон бий. 2012 онд засаг бүрдсэнээс хойш хоёр дахь удаагаа ийнхүү Засгийн газрыг унагах ажиллагаа өрнөж байгаа бөгөөд Н.Алтанхуягийг унагах сөрөг хүчний санаачилгыг АН-ынхан гүйцэлдүүлж, засгаа тонгорсон удаатай. Энэ нь мэдээж АН доторх олон фракцитай шууд холбоотой. Харин энэ удаад АН-ын ирц бүрэн байсан нь анхаарахгүй өнгөрч боломгүй асуудал. Тус намын генсекийн үүрэг гүйцэтгэгчийн хэлж буйгаар “АН одоо төлөвшсөн. Бусдын гаргадаг засаг унагах ажиллагааг дэмжихгүй” гэнэ. Нээрэн ч энэ удаад АН-ынхан хамтаараа лаг байж засгаа авч үлдэж чадлаа. Харамсалтай нь, дээр дурдсанчлан энэ засаг цэвэр тохироон дээр тогтож байгаа учраас АН-ын ирц бүрэн байсан нь ч өнөөх шантаажтай холбоотой юм гэнэ. Учир нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр хуралдаа ирээгүй эсвэл эсрэг санал өгсөн хэнбугайд ч болов сонгуульд оролцох эрх олгохгүй гэх дарга нарын бойкот эрх баригчдын ирцийг бүтэн болгож чадсан байх юм. Тэгэхээр АН эвлэж нэгдсэндээ биш эрх ашгууд мөргөлдсөн учраас л ирцээ бүрдүүлсэн болж таарлаа. Ерөөсөө эрх мэдэл гэдэг бүхнээс дээгүүр болсон нь энэ үйл явцаас шууд харагдана. Сонгууль дөхөөд ирэхээр улс төрд хөл тавихаар горилогсод төдийгүй улирах хүсэлтэй гишүүд угаас чих зөөлөн болдог нь гэм биш зан. Энд ганцхан жишээ татахад АН-ын хамгийн хүчтэй гишүүн Р.Амаржаргал гэхэд өнгөрсөн хавар Г.Уянга гишүүний санаачилсан засаг огцруулах бичигт гарын үсэг зурснаа зарлаж, ийм шалтгаан байгаа учраас энэ засаг огцрох ёстой гээд явж байсан нь саяхан. Гэтэл яг албан тоот өргөн барих үед мэдэн будилж, “Би аль хэдийнэ гарын үсгээ татсан” хэмээн бухав. Тэр бүү хэл, үүнийгээ баталгаажуулан намын дарга З.Энхболддоо гарын үсгээ татсанаа бататган захидал хүртэл илгээгээд амжсан. Энэ УИХ-д байгаа ганц нэгхэн шударга гишүүний тоонд тэр уг нь багтдаг, олон нийт ч багтаадаг. Гэтэл ёс зүй биш эрх мэдэл түүнд ч бас нэгдүгээрт байдаг бололтой юм. Жагсаалтаас хасагдчихвий гэхдээ ийнхүү манжилж орхив. Ямар ч байсан энэ үйл явцаас харахад улс төрчдийг нэгтгэж чаддаг ганцхан зүйл нь хувийн эрх ашгаас өөр юу ч биш болжээ.
 

Н.ЭНХБАЯР ЭВСЛИЙН БҮЛГЭЭ БАЗСАН НЬ “ШАДАР”-ЫН СУУДЛЫН ХҮЧ


Энэ Засгийн газрын аврагчаар Н.Энхбаярыг зүй ёсоор нэрлэж байна. Ингэхээс ч аргагүй, хэрвээ тэр “Шударга ёс” эвслийн гишүүдээ базаж, эерэг санал өгүүлээгүй бол Ч.Сайханбилэг “өнхрөөд өгөх” магадлал тун өндөр байсан. Харин Шадар сайд болох эхний алхам нь бүтэлгүйтсэн Н.Энхбаярт энэ удаагийн Г.Уянга гишүүний засаг унагах ажиллагаа тун ч их тус болов. Тэр энэ удаад эвслийн бүлгийн гишүүдийнхээ кнопыг худалдан байж Шадар сайд болох хүслээ гүйцэлдүүлж байгаа бололтой юм. Эрүүл мэнд, спортын сайдыг томилохгүй удсаны учир ердөө л энэ. Өнөөх л тохироо наймаа биеллээ олж амжаагүй учраас Ч.Сайханбилэг сайд хууль зөрчөөд, улс орны амин чухал салбарыг эзгүйдүүлээд ч болов улс төрийн тохироо бүрдэхийг хүлээсэн нь ийм учиртай. АН- ын үед хоёр засаг огцорч, өмнөх муу амжилтаа давтсан гэх үгэнд унахгүйн тулд Ч.Сайханбилэгт энэ мэт тохироо хийхээс өөр арга байгаагүй ч байж мэдэх. Ямартай ч одоо тэрбээр хэлсэн амандаа хүрч, “урт шар дээлт”-ийг улс төрд оруулж ирэхээс өөр сонголтгүй болов бололтой. Н.Энхбаяр Шадар сайд болох тухайгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд цөөнгүй телевизээр ярьж, “Шадар сайд болох хүсэлгүй байгаа ч намынх нь нөхөд таниас өөр хүн алга. Шадар сайдын албыг голох хэрэггүй гэж хэлсэн. Би за гэсэн” хэмээв. Нэг ёсондоо Монгол Улсад Шадар сайдаар ажиллачих хүн түүнээс өөр байхгүй бололтой юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх