Н.Алтанхуяг: Ахмад нь зууралдалгүй чиглүүлж, дунд үе нь ачаагаа үүрч, залуус нь шүүмжлэгч бус зүтгэгч байх ёстой

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 03 ・ 3

 

“Ардын эрх” сонин энэ дугаарын “Онцлох зочин”-оороо Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг урьж ярилцлаа.  

 

ШИНЭ ЗУУНД ШИНЭ ЗУУНЫ Л ДҮРЭМ ҮЙЛЧИЛНЭ


-Юуны өмнө “Ардын эрх” сонины урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Та бид хоёр таныг Монгол Улсын Ерөнхий сайдын албаа хүлээлгэж өгснөөс хойш нэг жил хоёр сарын дараа ярилцах гээд сууж байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдаас буучихсан, эрх баригч намын даргын албан тушаалаа өгчихсөн УИХ-ын сул гишүүн Н.Алтанхуяг юу хийв ээ. Та хэвлэлд төдийлөн гараагүй учраас энэ асуултаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо. 


-Хүн бол цаг үргэлж суралцах хүсэл тэмүүлэл, шинийг эрэлхийлэх хандлага, өөрийгөө шаргуу хөдөлмөрөөр ялан дийлэх зарчимтай байх ёстой. Би энэ зарчмыг эрхэмлэж явдаг. Өнгөрсөн хугацаанд ч энэ зарчмаа барьж ажилласан. Мэдээж УИХ-ын гишүүний ажлаа хийж, Монгол Улсад маань хэрэгтэй суурь асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх олон хуулийн төсөл дээр ажиллалаа. Мөн хоёр жил гаруй Засгийн газар толгойлж нэлээд шургуу ажилласан хүний хувьд үр дүн болон алдаа оноондоо сайтар дүгнэлт хийж Монгол Улсын маань цаашдын үсрэнгүй хөгжлийн гарц, шийдвэрлэх асуудлууд юу вэ гэдэг дээр нэлээд том багаар, шинжлэх ухаанч хандлага баримтлан ажилласан. 

 

-Таны харж байгаагаар хөгжил, дэвшилд хүрэхэд юу чухал байна вэ. Энэ санаагаа хуваалцаж болох уу?


-Юун түрүүнд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Хөгжил дэвшилд яаж хүрэх вэ гэдгийг бодох биш эхлээд яаж олон нийтийн ойлголт болгох вэ гэдгээ бодож байж өнөөдрийн олон бэрхшээлийг даван туулна. Нэг жишээгээр тайлбарлахад манай Засгийн газар халамжинд тараадаг байсан баялгийн орлогыг бүтээн байгуулалт, үйлдвэржилтэд зарцуулж эдийн засгаа эрүүлжүүлж, тэлж эхэлсэн. Дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэржилтийн бүтээн байгуулалтын маш том давалгаа эхэлж, монгол хүн Монголдоо сайхан амьдрах бодит боломж нөхцөлүүд бүрдэж, төрийн хүнд суртал багасан хүн бүрийн дотор "хөгжил" гэдэг итгэлийн гал дүрэлзэж байсан. Энэ бүхэн ердөө жил гаруйхан хугацааны ажлын үр дүнд бий болж байсныг хүмүүс мартаагүй байх. Бохир улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн явуургүй шунал, ганц нэг хүний аминч үзэл нийт Монголын ард түмний хөгжих замд гацаа болсныг ч хүмүүс мартаагүй. Яагаад энэ бүхнийг сануулаад байна гэхээр монголчууд бидэнд сэтгэлгээний ахиц хэрэгтэй байна. Бид нийтээрээ үндэсний эрх ашиг, нийтийн эрх ашгаа цөөн явцуу хүмүүст сануулж байх хэрэгтэй. Ард түмэн нэгдмэл үнэт зүйлтэй, язгуур эрх ашгаа баримталж асуудалд ханддагаа сэргээхгүй бол нэг гараараа босгосноо нөгөө гараараа сүйтгэсээр байх болно. Хүн төрөлхтөн XXI зуун руу алхаж ороод 16 дахь жилтэйгээ золгож байна. Бид гаднын болон дотнын цөөн тооны шуналтай хүмүүсийн өрддөг тамын тогооноос гарч дэлхийтэй цуг сэтгэх, уралдаж хөгжих цаг хугацаа минут секундээр биш сар жилээр үр дүнгүй урсаж байна. Өнгөрсөн зууныг хүнд аж үйлдвэр, байгалийн баялаг, зэвсэг тодорхойлдог байсан бол энэ зуун алганд багтдаг интернэтийн эрин зуун болчихоод байна. Эдийн засаг, хандлага, хэрэглээ, соёл гээд бүх зүйлд шинэ зууны хувьсал нэвтэрч байна. Гэтэл бид энд төмөр зам барина барихгүй, уул уурхай хэрэгтэй хэрэггүй гээд өнгөрсөн зуунаа ярьсаар сууж байгаа нь маш утгагүй асуудал биз дээ. Шинэ зуунд шинэ зууны л дүрэм үйлчилнэ. Товчхондоо бол Монгол төр ахмад, дунд, залуу үеийнхээ уламжлалт хэлхээг бодлогын төвшинд баримталдагаа сэргээх хэрэгтэй. Ахмад үе нь зууралдалгүй чиглүүлж, дунд үе нь арьсаа хамгаалахгүй ачаагаа үүрч, залуу үе нь шүүмжлэгч бус сэтгэж зүтгэдэг болох ёстой юм. Удаахь асуудал нь эдийн засгийн хөгжлийн асуудал. Эдийн засгийн хөгжлийг би хүний хөгжлийн асуудал гэж ойлгодог. Тиймдээ ч нэн даруй шийдэх хоёр асуудал гарч байна. Нэгдүгээрт одоо байгаа эдийн засгийн бүтцээ бүтээлчээр улам эвдэж экспортлогч орон болох. Экспортлогч улс болохын тулд бид  харьцангуй давуу талдаа төвлөрсөн өрсөлдөх чадвартай үйлдвэрлэгч гүрний суурийг зөв тавих хэрэгтэй. Хоёрдугаарт баян хоосны хэт ихсэх ялгааг арилгах. Ингэхийн тулд баялгийн хувиарлалт тэгш явагдсан шударга нийгмийг цогцлоох хэрэгтэй. Гэтэл иргэдийн орлого тэнгэр газар шиг зөрүүтэй, баян хоосон байвал өөр хоорондоо бухимдаад нэг ч алхам урагшилж чадахгүй. Хамгийн наад зах нь Монголд орж байгаа уул уурхайн баялгийг шударгаар иргэддээ хуваарилах. Бид шударга хуваарилж байна гээд 21 мянган төгрөг болгож тараах хамгийн муу замыг сонгож байсан. Би үүнийг анхнаас нь эсэргүүцдэг байсан хүний хувьд мөнгө тарааж өгөх биш, харин бүтээн байгуулалт хийж үйлдвэрлэл хөгжүүлэх замаар монгол хүний орлогыг нэмэгдүүлэх, нэмэгдсэн орлогоороо монгол хүн Монголдоо сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьсон юм. Нөхцөл боломж гэдэг нь тохитой тухтай орон сууц, чанартай өрсөлдөхүйц боловсрол, эрүүл аюулгүй орчин шүү дээ. 

 

ЦААСАН ДЭЭР БИЧИГДЭЖ ДЭЛХИЙД ГАЙХАГДАЖ БАЙСАН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ МОНГОЛ ХҮНД ЮУ Ч ҮЛДЭЭГЭЭГҮЙ


-Тэгвэл таны толгойлсон шинэчлэлийн Засгийн газар энэ ажлаа хэр явуулж чадсан бэ.  Магадгүй явуулж чадаагүй учраас та огцорсон юм биш үү?


-Надад үүнд хариулах бардам хариулт бий. Гэхдээ хариулахаасаа өмнө чамаас нэг асуулт асууя. Монгол Улс эдийн засгийн өндөр үзүүлэлттэй байхдаа юу бүтээж, ард түмэндээ юу үлдээсэн юм. 

 

-Харин юу үлдээсэн юм бол?


-Яг зөв. Харин юу үлдээсэн юм бол. Минийхээр бол хоосон тоо л үлдээсэн. Цаасан дээр бичигдэж дэлхийд гайхагдаж байсан өсөлт монгол хүнд юу ч үлдээгээгүй. Тэр их өсөлттэй байх үед ямар ямар бүтээн байгуулалт хийгдсэн юм.  Шинэ онгоцны буудал баригдсан уу, шинэ цахилгаан станцууд барьсан уу, нэг жилийн дотор тав, зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож чадсан уу, аймгийн төвдөө хамгийн орчин үеийн эмнэлгийн үзлэг үйлчилгээ авч чаддаг байсан уу гээд энэ мэт олон асуулт байна.   

 

-Таны хэлж байгаатай би хувь хүнийхээ үүднээс маргахгүй л дээ. Гэхдээ тэр үед хүмүүсийн амьдрал сайжирч, үнэтэй машин унаж, үнэтэй гар утас хэрэглэж мөнгөтэй хангалуун амьдрах итгэл бий болсон ш дээ?  

 
-Тийм ээ, тэр үнэн. Бид тэр хэдэн жилд үнэтэй зүйлийг үнэхээр сайн хэрэглэж сурсан. Гэтэл энэ хэрэглээ чинь Ерөнхий сайдын нүдээр үнэхээр муу эдийн засгийн бүтэц гэж харагдсан. Эдийн засгийн өсөлтийн дүнд тэрбум ам.доллараар Iphone авч, 1.5 тэрбум ам.доллараар үнэтэй машин унаж, түүнийгээ тэжээх гэж нэг их наядаас илүү төгрөгөөр бензин авдаг болсон. Хөдөө аж ахуйн орон байж австрали үхрийн мах идэж, Туул голынхоо хөвөөнд атлаа итали ус ууж эхэлсэн. Банкуудын олгодог зээлийн дийлэнх хувийг үйлдвэрлэлийн зээл биш, хэрэглээний зээл эзэлдэг болсон. Товчхондоо манай улс маш тэнцвэрт бус, хэрэглэдэг л эдийн засагтай болсон. Юу ч бүтээдэггүй, зөвхөн хэрэглэдэг ийм эдийн засагтайгаар бид хол явахгүй нь тодорхой болсон байсан. Юу хэлэх гээд байна гэхээр Алтанхуяг ч байсан хэн ч байсан ийм эдийн засаг унах л байсан. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар маш зоригтойгоор хэрэглэдэг эдийн засгаас бүтээдэг эдийн засагт шилжих зорилгыг өмнөө тавьж “Монголдоо бүтээцгээе” хөтөлбөр эхлүүлсэн. Өнөөдөр үүний үр шимийг монголчууд нүдээрээ харж, гараараа барьж байна. Цементийн хэрэглээгээ 100 хувь хангаж, монгол ноолуур дэлхийн зах зээл дээр зарагдаж, олон үйлдвэрлэл үүдээ нээж, олон төсөл амжилттай хэрэгжиж байна.

 

-Гэхдээ л таныг огцруулсан нь үнэн. Та яг яагаад огцорсноо өөрийнхөө амаар хэлэх цаг болсон юм биш үү?


-Цаг нь боллоо гэж хариулж байгаа юм биш. Цаг хугацаа маш тодорхой болгочихсон тул хариулахад юунд нь татгалзахав. Ер нь бол Ерөнхий сайд шиг Ерөнхий сайд байя гэж зүтгэсэн маань огцрох шалтгаан болсон. 

 

ОЮУТОЛГОЙН ХОЁР ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХЭТРЭЛТ ДЭЭР БУУЛТ ХИЙНЭ ГЭДГИЙГ БИ ХУВЬДАА ОЙЛГОХГҮЙ

 

-Ерөнхий сайд шиг Ерөнхий сайд байна гэж...?

 

-Ерөнхий сайд гэдэг нэг салбарын сайд биш. Эцсийн шийдвэрийг гаргадаг. Тэр шийдвэр Монгол оронд хэрэгтэй гэж үзвэл гадны нөлөөнд үл автан дотоод итгэл үнэмшлээр алхаа цохих ёстой. Бүх тоо мэдээллээ өмнөө тавьчихаад Монгол Улсад үнэхээр ашиггүй байхад аливаа нэг бүлэглэлийн дарамтад орж гудайвал өмнөх бүх үеийнхээ Ерөнхий сайд нарын өмнө буруутан болно биз дээ. Би Монгол Улсын Ерөнхий сайд байсан А.Амар, П.Гэндэнгийн хэмжээнд хүрэхгүй ч тэдний хэмжээнд ёс суртахуунтай, эх оронч явах юмсан гэж хичээж явдаг. 

 

-Ер нь бол таныг Ерөнхий сайдаас огцорсон шалтгааныг олон нийт ойлгохдоо нэгд давхар дээл тайлах ёстой, хоёрт том төслүүдээ хөдөлгөсөнгүй, гуравт Н.Энхбаяртай гэрээ байгуулсан гэдгээр буруутгагдлаа гэж харж байсан? 


-Маш тодорхой шалтгаанууд гэвэл Оюутолгой төсөл дээр гаднын том компанийн гар хөл болоогүй гэж, Тавантолгойн асуудал дээр хэсэг бүлгийн эрх ашгийг нийт ард түмнийхээ эрх ашгийн дээр тавиагүй гэж, авлигын хөрс суурь болсон төсвийг эрүүлжүүлэн шинэчлэхээр тэмцсэн гэж, Ардчилсан намаа дараа, дараагийн сонгуулиудад ялуулахын тулд “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан гэж огцруулсан даа. Харин тэр давхар дээл гэх мэт шалтагууд нь бол та бүхний нүдэнд ил байж, олон ангитай өрнөсөн болохоор нурших нь илүүц байх.

 

-Та огцорсон ч энэ байдал хэвээрээ л байна. Тавантолгой төслийн хувьд юу болсон юм?


-Тавантолгой явж байсан уу, явж байсан. Монголын компани өөрөө олборлолт хийж байсан. Энэ дээр “Шинхуа”, “Пибоди” хоёрыг оруулаад “Эрдэнэс Тавантолгой”-той нийлээд гурван компани болгож өргөжүүлье гэсэн санаачилгыг гаргаад, бүр гардаад хийж байсан.

 

Гэтэл огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн. Ингээд л бөөн хэл ам эхэлж, тэр хэл ам нь өнөөдөр болтол шийдэгдээгүй л  байна. Тиймээс энэ бол цаанаасаа бодлоготой хийгдсэн ажил гэдэг нь тодорхой болж байгаа юм. Гаднын хоёр компани ороод манай төрийн өмчит компани нийлээд яваг. Энэ буруу биш. Хөрөнгө оруулалтаа нэмье л гэсэн санаа. Ер нь бол Тавантолгой зогсоогүй. Бидний үед зургаан сая тонн нүүрс олборлож байсан, өнөөдөр дөрвөн сая тонн болж буурсан. Тэр хэл ам, хэрүүл тэмцэл олборлолтыг хоёр сая тонноор бууруулснаас өөр хожил байхгүй гэсэн үг.

 

-Тэгвэл Оюутолгойн хувьд…?


-Оюутолгойг тойрсон 30 гаруй асуудал байсан юм. Үүнээс 24, 25-ыг нь бид шийдсэн. Нэг л асуудал дээр би одоог хүртэл санал нэгдэхгүй байгаа. Одоо харин хүмүүс ойлгож эхлээд байх шиг байна. Тэр бол өнөөдрийн яригдаж шийдэгдсэн гээд байгаа анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт буюу хоёр тэрбум ам.доллар. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараар ямар их бүтээн байгуулалт хийж болохыг харлаа.  Гэтэл хоёр тэрбум ам.долларын хэтрэлт дээр буулт хийнэ гэдгийг би хувьдаа ойлгохгүй. 

 

-Таны хувьд Оюутолгой дээр ийм байр суурьтай байдаг юм байж. Гэтэл сая бас л Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах гэж оролдлоо. Харин танай нам засгаа авч үлдэж чадлаа. Таныг Засгийн газрыг авч үлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж ч ярьж байна?


-Ямар ч үед Засгийн газар тогтвортой байх ёстой. Нэг Засгийн газар огцорлоо гээд дараагийнх нь сайжрахгүй. Би Ерөнхий сайдаас огцрохдоо нэг л зүйлд харамсаж байсан. Монгол төр тогтвортой, эвтэй байж гэмээн амин сүнс нь мөнх оршино гэдэг суурь зарчмыг олон хүнд ойлгуулж чадаагүйдээ харамсаж байсан. Харин олон шалтаг шалтгаан зохиож, тулгаж, гүтгэж, зүтгэж, хуйвалдаж огцрууллаа гэж харамсаж юм санаагүй. Ч.Сайханбилэгийн тэргүүлж байгаа Засгийн газарт би шүүмжлэлтэй ханддаг зүйлүүд бий. Хамгийн гол нь МАНАН байгуулж ихэнх цаг хугацааг нь юу ч хийлгэхгүй хорлож гацаасан сөрөг хүчнийхэн эргээд хор найруулаад огцруулна гээд зүтгээд байгаа нь зөв зарчим уу. МАН сүүлийн гурван жилийн дотор гурав дахь удаагаа Монгол Улсын Засгийн газрыг огцруулах ажиллагаа зохион байгуулж байна. Бид чинь улс төрийн өрсөлдөгч болохоос нэгнээ хорлодог, эх орноо золиосолдог, ирээдүйгээ үрэн таран хийх зорилготой нэгдэл биш биз дээ. МАН бол 90 гаруй жилийн өмнө Монголын ард түмний төлөөлөл, нийтлэг эрх ашиг дээрээ нэгдэж байгуулсан нам гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Ардын нам өнгөрсөн зуунд ард түмнийхээ өмнө хүлээсэн олон үүргээ биелүүлснийг бүгд хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэр түүхийг өнөөгийнх шиг сэтгэлгээтэй удирдагчид бүтээгээгүй нь тодорхой. Улс орноо хорлож улс төрийн өрсөлдөөн хийдэг цөөхөн явцуу удирдлагаасаа салах цаг нь болсон гэдгийг Ардын нам ойлгох хэрэгтэй. Том сандал мөрөөдсөн, том ивээлд багтсан удирдлагад намынх нь ирээдүй байтугай улс орны язгуур эрх ашиг ч хамаагүй байгаа нь харамсалтай байна даа. 

 

АН ЗАСГАА ОГЦРУУЛАХГҮЙ АВААД ҮЛДЭЖ БОЛДГИЙГ БИД ХАРЛАА


-Маш хатуу шүүмжлэл байна. Гэтэл хүн бүр л “Алтангадас” задарсан, Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр таныг унагалцсан гэдгийг ярьдаг. Энэ ярианд та цэг тавих уу?


-Үүнд хариулахын тулд ардчиллын суурь зарчим, Ардчилсан намын давуу тал хоёрыг сануулах хэрэгтэй. Манай нам байгуулагдсан цагаасаа хуйвалдаж үгсэж шийдвэр гаргадаггүй зарчимтай. Үзэл бодол зөрөлдсөн тохиолдолд илээр мэтгэлцэж зөвлөөд олонхийнхоо шийдвэрийг дагадаг. Энэ зарчмыг би намын даргаар зургаан жил ажиллахдаа хатуу баримталсан. Ардчилсан нам түүхэндээ байгаагүй дараалсан олон ялалт байгуулсны нууцуудын нэг нь нь энэ. Тийм учраас хуйвалдсан үгссэн байлаа ч би зөвөөр ойлгож, холыг харж зарчмаа барина. Энэ бол ардчиллын суурь зарчим буюу хувь хүний эрхийн асуудал. Хүмүүсийн ярьдаг хов живийг бус өнөөдрийн үйл явдлыг ажиглавал илүү ойлгомжтой хариулт гарна л даа. Ч.Сайханбилэгийг анх Ерөнхий сайдаар томилогдоход том биетэй хэн гэж дуудаж байлаа, одоо том биетэй хэн болсон байна гэхээр ойлгогдох байх. /инээв/ Би түүнийг анх Ерөнхий сайд болоход нь зөвлөж байсан үгээ өнөөдөр ч хэлмээр байна. Өөрийнхөөрөө бай гэж... Түүх түүнийг яаж, яах гэж Ерөнхий сайд болсныг нь биш юу хийж бүтээснээр нь дурсана. Товчхондоо бол Ардчилсан нам засгаа огцруулахгүй аваад үлдэж болдгийг бүгд харлаа. Сайн үйл үргэлж ярьж явдаг хүн, сайхан үйлдэл үргэлж бүтээж явдаг хүн хоёрт асар том зөрүү бий. 

 

-Яг тухайн үед бол Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилуулах санаачилга нь таных, ард нь байсан хүн та биз дээ. Ардчилсан намын бүлэг дээр Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоё гээд шийдчихсэн байхад ҮЗХ дээр нөхцөл байдлыг эргүүлчихсэн. Тиймээс ч Ч.Сайханбилэг том биетэй болохоос Н.Алтанхуяг гэж дүгнэж байсан удаатай. Гэтэл одоо харахад үгүй бололтой. “Алтангадас” гэсэн нэг малгайд багтаж явсан, таны ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Сайханбилэг, одоогийн Сайханбилэг хоёрт ямар ялгаа байна вэ?


-Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгож болохгүй гэсэн нь манай намд буруу жишиг тогтох гээд байсантай холбоотой. Засгийн газраа нөгөөдүүлтэй нийлж огцруулсан хүн өөрөө Ерөнхий сайд болно гэдэг ямар ч ёс зүйд таарахгүй зүйл. Манай намын үнэт зүйл, зарчимд халдсан үйлдэл. Түүнээс надад Р.Амаржаргалтай сайн муу харилцаа байхгүй. Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод хэрхэн өөрчлөгдсөнийг би хэлж мэдэхгүй. Хүмүүс дүгнэх биз. 

 

-Н.Энхбаяртай байгуулсан гэрээний тухайд юу хэлэх вэ. Маш их шүүмжлэл, маш олон дайралтууд намынхнаас чинь танд ирж байсан шүү дээ. Тэгсэн хэрнээ таныг огцорсны дараа МАН-ыг засагтаа урьж, бас хөөчихөөд буцаад л Н.Энхбаяртайгаа хамт явж байна. Одоо бүр Шадар сайд болгох гээд тохиролцож байна ш дээ.


-Энэ асуултын хариулт бол өнөөдөр хэрхэн өрнөж байгаагаас та бүхэн надаар хэлүүлэлтгүй харж байна. Надаас ухаантай хүмүүс намайг огцруулсан юм чинь ойлгож байгаа байх. /инээв/ Намайг манай Э.Бат-Үүл нарын нөхөд маань бараг л ардчиллаас урвасан урвагч гэж цоллож байсан. Н.Энхбаяр гэдэг хүнтэй юм ярилаа гэж буруутгасан. Би Н.Энхбаяр гэдэг хүнтэй огт юм яриагүй. Харин “Шударга ёс” эвсэлтэй л ярьсан. Тэр намын дарга тухайн үед хэн ч байсан нөгөө талд суугаад гарын үсэг зурах л байсан. Урдын жишигээр бол ойрын үед олон олон ширүүн зүйл болох биз дээ. /инээв/ 


-Та Ерөнхий сайдаас огцордог юм байж, намын даргаа яагаад өгсөн юм бэ?


-Манай намынхан бол намайг намын даргаа өгөх дээр эсрэг байр суурьтай байсан. Миний хувьд МАНАН байгуулахын эсрэг хатуу байр суурьтай байсан хүн гэнэт МАНАН-гийн Засгийн газар байгуулъя гэж журмын нөхөддөө уриалах уу. Зарчим, ёс суртахууны хувьд тийм асуудал байж болохгүй учир намын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хамгийн гол нь намаа хагалснаас Н.Алтанхуяг буусан нь дээр гэж би хувийн шийдвэрээ гаргасан. Энэ намд надаас болж ан цав гарах ёсгүй. Яагаад гэвэл, Ардчилсан нам бол шинэчлэгч, ардчиллын тулгуур багана, эдийн засгийн түүчээ болсон нам.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • хийрхэл газар авч байна даа / 2016 02 сар 03/

    Одоо хуучинсагууд нь үхэтлээ зууралдаад, залуучууд бэлэн мөнгө нэхэж шүүмжлэхээс өөр шидгүй, энэ дунд нь ухаан дутуу хүмүүсийн янз бүрийн хийрхэл газар авч байна даа

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 03/

    ch hen be?...yostoi goridboo !!!tanai nam garch haragdaach?.....Odoo tanai namiig yrsgaliin ikhe tyreltend goliin tohoid sairtana!!!!

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 03/

    ch hen be?...yostoi goridboo !!!tanai nam garch haragdaach?.....Odoo tanai namiig yrsgaliin ikhe tyreltend goliin tohoid sairtana!!!!

    Хариулах