АН-д “Хасах оноо”-той намрын чуулган

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 02 сар 05

Эрх баригчдын хувьд энэ удаагийн намрын чуулган хүндхэн болж өнгөрөв. Намын дарга, Ерөнхий сайд хоёр нь хэл амаа ололцож өгөхгүй байсаар намрын чуулган өндөрлөхтэй зэрэгцэн шахуу өргөн баригдаж огцрох дээрээ тулж “намбарван”-тай тохироо хийж байж Ч.Сайханбилэг дөнгөн данган Засгийн газраа авч үлдсэн. Нөгөө талд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах гэсэн боловч Ч.Сайханбилэгийн “гүйлгэсэн хор” газар авч унахын даваан дээр хойшлуулж дөнгөсөн. Ер нь л эрх баригч намын даргын нэр хүнд ард түмэн дунд унасаар байгаа. Шалтгаан нь түүний УИХ-ын даргын индэр дээрээс хийдэг дарангуйлалтай шууд холбоотой. Өөрт нь таалагдсан гишүүний микрофоныг тултал нь өгч, таалагдаагүй бол шууд хаадаг дарангуйлал нь түүнийг сөргөөр сурталчилж байгааг даан ч ойлгохгүй байгаа нь харамсалтай. Үндсэндээ Монгол Улсын эдийн засгийн цэнэг Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газрын үед дуусч мэдэхээр нөхцөл байдалд хүрснийг эдийн засагчид онцолж байна. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхдаа ч 850 сая ам.долларын “Мазаалай” бонд босгохоор хөөцөлдөж байсан нь үүний нотолгоо. 2.3 хувь болтлоо унасан эдийн засгийг яаж сэргээх учраа олохгүй байсаар сар шинэтэй золгож байна, эрх баригчид. Эцэс сүүлдээ дэлхийн зах зээл дээр үнэ нь навс унасан нефтийг ОХУ-аас зээлээр авахаар болсон тухай мэдээ гарч эхэллээ. “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж монголчууд ярьдаг. АН төрийн эрх барьсан сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд Монгол Улс ядуурч дууслаа гэж ярих хүн цөөнгүй. Энэ нь ч оргүй үг биш. Ам л нээвэл “бонд босгоно”, “уулаа ухна”, “зээл тавина” гэж ярих Ерөнхий сайдтай байхад арга ч үгүй биз. Ажил хийхээс илүү шоудаж сурсан АН-ынхан болж бүтэж байгааг нь болохгүй мэт харуулчихаад, дараа нь “Бид байсан тулдаа л болгочихлоо” гэж барин тавин шоудна. Хамгийн ойрын жишээ гэхэд л ипотекийн найман хувийн зээл. Найман хувийн зээлийг таван хувь болгочихлоо гэж шоудсан УИХ-ын даргаас одоо л ам асууя. Таван хувийн зээлийг хэзээ өгч эхлэх вэ? Ипотекийн зээл таван хувь болсноор Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх зүйл байна уу? гэдэг хоёр асуултыг УИХ-ын даргад хаяглъя. Мөн хүүхдийн мөнгийг олгоно, олгохгүй гэж ард түмний сэтгэл зүйгээр мөн ч их тоглосон. Бүр ялгавартай олгоно гэж ирээд л баахан судалгаа явуулсан /тэр судалгаанд долоон тэрбумыг зарсан/. “Угаалгын машинтай юу?”, “Компьютер байгаа юу?”, “Цахилгаан зуух байгаа юу?”, “Сарын дундаж орлого хэд вэ?” гэсэн асуулттай тал хуудас цаас нэг хэсэгтээ л иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Сүүлдээ Монгол Улсын данс улайсан болохоор хүүхдийн мөнгийг өгөх боломжгүй гэж Ерөнхий сайд маань хэлсэн. Харин ардчилсан Ерөнхийлөгч ирээдүй хойч үеэ ялгаварлан гадуурхахын юм бол эргээд бид рүү “их буугаар буудна” гэж сүржин мэдэгдээд хүүхдийн мөнгийг өгүүлэхээр болсон. Одоо Ерөнхий сайдаас ам асууя. Сүүлийн хоёр сар гаруй хугацаанд олгоогүй хүүхдийн 20 мянган төгрөгийг хэзээ олгох вэ? “Мазаалай” бонд босгож ард түмнийгээ өрийн дарамтад оруулах зайлшгүй шаардлага тулгарсан уу? гэдэг хоёр асуултыг Ерөнхий сайдад хаяглъя. Эрх баригчдын эдгээр буруу бодлого, явуургүй шоу нь тэдэнд хасах оноо “бэлэглэлээ”.

Эсрэгээрээ сөрөг хүчин буюу МАН-ынхан нэмэх оноотой намрын чуулганыг өндөрлүүлж байна. Тэд Засгийн газрыг бензиний үнийг буулгахыг шаардсан. Өнөөдөр бензиний үнэ литр тутамдаа 100-150 төгрөгөөр буурсан нь МАН-ын гавьяа. Мөнхүү малчдын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санаачилга гаргасанд Ерөнхий сайд зээлийн хүүг бууруулах боломжтой гэсэн хариу өгсөн. Ингэснээр малчдын зээлийн хүү 50 хувиар буурвал зээлийн жилийн 18 хувийн хүү ес болтлоо буурна гэсэн үг. Уг нь бүх зүйл болохгүй биш болдог. Эрх баригчдын зүгээс болж бүтэж байгааг нь болгохгүй болгочихоод байгаад л хамаг учир байгаа юм. Дээрээс нь хэлсэн л бол хийдэг, зүтгэсэн л бол дуусгадаг байх ёстой. Даан ч эрх баригчид шоудсаар байгаад намрын чуулганыг дуусгачихлаа.

 

С.БУЯН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх