Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 21
Тийм ээ, бид бол ялагдагсад. Өөрөөр хэлбэл бид ялагдсан, тэрхүү ялагдлынхаа гашуун үр дагаврыг амсаж, эдэлж яваа ард түмэн.
Ингэхэд бид Хаана, Хэнд, Хэзээ, Хэрхэн, Яагаад ялагдчихав гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Зэр зэвсэг улалзуулаад, хил хязгаар даваад шууд эзлэн түрэмгийлдэг дайн өнөөдөр бидний нүдэн дээр Африк, Араб хийгээд Дундад Азийн зарим орнуудад өрнөж байна. Харин түүнээс илүү өргөн цар хүрээтэй дайн бол хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, үзэл суртлын хүрээнд болж буй дайн юм. Энэ дайн гал мэс хэрэглэдэг халуун дайнаасаа ч илүү өршөөлгүй хийгээд хатуу ширүүн байна. Энэ дайныг хүйтэн дайн гэдэг. Үзэл санааны хүрээнд маш хүчтэй өрнөж буй, дэлхий даяныг хамарсан, өнөөдөр хоёрдахь шатлалдаа буюу оргил чинээндээ хүрээд буй энэ дайнд бид ялагдчихсан юм.
Нэг тийм үг байдаг. “Нэгийг хулгайлахад гар хэрэгтэй, нэлээдийг хулгайлахад бүлэглэл хэрэгтэй. Бүр ихийг хулгайлахад хууль хэрэгтэй. Харин хуу хамахад үзэл суртал хэрэгтэй”.
Үзэл суртал бол хамгийн хүчирхэг зэвсэг, нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй атлаа бие хүнийг ч, бүхэл бүтэн нийгмийг ч задлан сөнөөж, улс үндэстнийг нэг л мэдэхэд нийтээрээ ялагдал, боолчлолоо үг дуугүй, ямар ч эсэргүүцэлгүйгээр, бүр аялдан дагаж хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүртэл нэг мөсөн ялж чаддаг зэвсэг юм.
Юун ялагдал вэ, харин ч Монгол оронд ардчилал ялж, бид хөгжлийнхөө зөв шударга зам дээр гарч ирсэн биш билүү? Гагцхүү энэ замдаа л будилж төөрөөд байна. Тэр түр зуурын бэрхшээл. Түүнээс биш бид соц нийгэмтэйгээ байх ёстой биш, бид ардчиллаас ухрахгүй, бид ардчиллаа улам төгөлдөржүүлэн хөгжүүлэх ёстой юм биш үү?
Хэрвээ ялагдсан гэвэл ялагдлыг бид ямар шинж, мөн чанараар үнэлэх вэ? Яагаад бид ялагдсан гэж?
гэх мэт олон асуултууд дагалдан босож, үүнд хариулах хэрэгтэй болно.
Энд юуны өмнө нарийн ялгаатай зүйлсийг хольж хутган нь асуудлыг мөн чанараас нь гажуудуулж, ойлголтыг өөр гольрил руу явуулж орхих аюултай байдгийг сануулах хэрэгтэй юм.
1990 онд хүн төрөлхтнийг хоёр хуваасан үзэл суртлын хүйтэн дайн төгсгөл болж, энэ дайнд ялагдсан соц лагер, соц систем сүйрэн унасан юм. Бид тэр сүйрэн унасан лагерт харьяалагдаж байлаа. Тэр систем бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, захиргаадалт давамгайлсан, нэг нам, нэг үзэл суртал үнэмлэхүй ноёрхсон, хувь хүний эрх, эрх чөлөө тодорхой хүрээнд хязгаарлагдсан тийм тогтолцоо байсан. Уян хатан зохицох чадваргүй эдийн засаг, оюун санааны эрх чөлөөг тодорхой түвшинд хязгаарлаж байсан нь энэ лагерийг хүйтэн дайнд ялагдахад хүргэсэн гол шалтгаан байсан. Дэлхий нийтийг хамарсан энэ түүхэн их үйл явцын нөлөө, хомрогоос бид зайлан бултах ямар ч аргагүй, бид өөрчлөгдөх нь гарцаагүй зүйл байв. Бидний эхний “ялагдал” энэ байлаа. Гэхдээ энэ нь зөвхөн эхлэл байсан. Учир нь энэ “ялагдлын” дараа бидэнд гурван сонголт байсан.
Эхнийх нь, Хойт Солонгос лугаа адил хамаг хил хязгаараа хаагаад, үзэл суртлаа улам гааруулж, үл тэвчсэнийг нь үл тэвчиж, жинхнээсээ туйлшран дангаарших. Энэ бол бидний хувьд хэрхэвч хүсэх зам биш байлаа. Хүссэн ч хоёр том хөрш, уламжлалт прагматик сэтгэлгээ, улс төр, эдийн засгийн гадаад, дотоод нөхцлөөс шалтгаалан тэр замд орох ямар ч боломжгүй байв.
Удаах нь, Хятад, Вьетнамын адил шинэчлэлт өөрчлөлтийг зөвхөн Эдийн засгийн хүрээнд хийж, ЭЗ-аа либералчлаад, оюун санааны хүрээг ялимгүй тавьж, харин улс төрийн системээ хэвээр нь хадгалж хөгжих. Улс орон, үндэстнийхээ онцлогт тохирсон систем, хөгжлийн бодлого гарган хэрэгжүүлэх явдал байв.
Гурав дахь нь, бид эдийн засаг төдийгүй улс төр, оюун санааны ертөнцийг бүхлээр нь бүрэн өөрчилж, бүрэн либеральчлан, хяналт жолоогүй сул тавих явдал байлаа.
Бид энэ гурав дахь замыг сонгосон. Ямар ч эргэлзээгүйгээр. Гэвч харамсалтай нь тогтолцооныхоо хувьд биднийг эхнийхээ ялагдлаа улам баталгаажуулж, туйлд нь хүргэх тийм мухар зам байсныг сая нэг эргэн анзаарч, 25 жил буюу хүний бүхэл бүтэн нэгэн үе өнгөрсөн хойно “Юу болчихов оо?” хэмээн гайхан эргэлзэж эхэлж байна.
Бид шинэчлэл өөрчлөлтийг хийхдээ хамаг бүхнээ зад татаж, өнгөрсөн бүхнээ нурааж, өмнөх үеэ нулимчихаад, тэр үнс нурман дээр хэдэн зууны өмнөх бусдын гашуун туршлагыг давтсан. Энэ бүхэн гэхдээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл, хувийн өмч гэх мэт маш сайхан хорхой хүргэм олон уриа лоозонтой.
Энэ далбаан дор “Хэн чаддаг нь амьдар, баяж, оршин тогтно, ямар арга замаар нь тийм чухал биш” гэсэн маш хачин прадокс зарчмийг нийгэмд, ард түмэндээ шууд тулган хүлээлгэсэн. Өөр ямар ч үзэл санаагүйгээр, нэгдмэл бодлого, үндэснийхээ сэтгэлгээ, үнэт зүйл, уламжлал, улс орныхоо гадаад дотоод улс төр, эдийн засгийн нөхцөл, хүчин зүйлүүдийг шингээсэн өөрийн гэсэн хөгжлийн үзэл баримтлалгүй зөвхөн “Ардчилал мандтугай” болоод л орж явчихсан. Хамгийн хачирхалтай нь тэр бүхнээ гадаадынхан, бүр өнөөх хүйтэн дайнд ялсан талынхны шууд дэмжлэг, туслалцаа, маш идэвхтэй заавар зөвлөгөөн дор хийсэн билээ. Үр дүнд нь нийгэм хяналтгүйгээр задралын ангалд унаж, үндэстнийхээ хувьд ч, оюун сэтгэлгээнийхээ хувьд ч бид гүн хямрал орон, Хоёрдугаар шатны хүйтэн дайнд давхар том ялагдал, ноцтой хохирол амсахад хүрсэн юм.
Бидний ялагдсаныг батлах шинж тэмдгүүд нэн олон.
– Бид өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдхүүнээрээ урд хөршөөс 86 хувь хараат, бензин, нефт зэрэг стратегийн бүтээгдхүүнээрээ хойт хөршөөсөө 96 хувь хараат, мөнгө санхүүгийн организм маань доллараас 100 хувь хараат, улс төр маань барууны бүлэглэл болон хөрөнгө санхүүгээс шууд хараат болж хувирсан нь жинхэнэ утгаар нь тусгаар тогтносон улс гэж үзэхэд нэн эргэлзээтэй түвшинд хүрсэн. Үндэсний үйлдвэрлэл, ялангуяа боловсруулах үйлдвэрлэл нэн сул хөгжсөн, экспортынх нь бараг 90 хувь нь түүхий эд, эсрэгээрээ импортынх нь 90 гаруй хувь эцсийн бүтээгдэхүүн болж, бусад орны эдийн засгийн хавсарга буюу өөрийгөө шавхаж бусдыг тэжээдэг маш эмзэг колонийн шахуу эдийн засагтай болж хувирсан.
– Эдийн засгийн хөгжлийн нэн тодорхой зорилт хөтөлбөр байгаа эсэх нь мэдэгддэггүй, аль ялсан Улс төрийн нам нь 4-хөн жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлдэг, тэр нь алс хэтийн зорилтыг хангах, нэг шат, алхам гэхээс илүүгээр тухайн намын популист амлалтыг хагас дутуу биелүүлэхэд чиглэсэн, энэ нь эдийн засагт нэмэр тустай, алс хэтийн хараатай бус, харин ч хор хохирол нь их талдаа байдаг тул “Хөгжлийн хөтөлбөр” гэж нэрлэхээс “Хорлох хөтөлбөр” гэвээс зохино.
– Эдийн засаг уул уурхайгаас 90 хувийн хамааралтай болж, дэлхийд энэ үзүүлэлтээрээ Африкийн Замбийг ардаа орхин түрүүлсэн. Харин Уул уурхай нь гадаадын хөрөнгө оруулагчдаас 83 хувийн хамааралтай. Дамаа манай төр гадаадын хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг илэрхийлдэг, тэдний өмнө байдгаа дэлгэн хэвтэх янхан эм шиг аашилдаг боллоо.
– Нэг мэдэхэд энэ эмзэгхэн эдийн засагтаа ахадсан 21 тэрбум ам.долларын өртэй болчихсон. Хамгийн ноцтой нь энэхүү тулгамдсан өрөө ойрын жилүүдэд хэрхэн яаж, ямар эх үүсвэрээс төлөх нь тодорхойгүй. Өнөө төсвөө бүрдүүлж чадахгүй атлаа ирэх жилээс бид төсвийнхөө 30 гарсан хувийг өрд өгөх болно. Сангийн сайд “Өрийг өрөөр л төлөхөөс өөр гарц байхгүй” гэж мэдэгдсэн. Энэ нь бага хүүтэй өрийг их хүүтэй өрөөр төлнө гэсэн үг.
– Нийгмийн уналтыг хяналтгүй болгохын тулд эрх чөлөө нэрийн дор хувиа бодох үзэл, нийтлэг эрх ашгийг үл хэрэгсэх хандлагыг маш хүчтэй дэлгэрүүлж, нийгэм өөрийгөө хянадаг, засдаг бүх тогтолцоог хамгийн түрүүнд устган, төрийн үүргийг бүхий л утгаар нь үгүйсгэн сулруулсан юм.
– Өнөөдөр Монголын нийгэмд хэзээ ч бутран унахад бэлэн болчихсон гүн гүн ангалууд нэгэнтээ бий болсон. Чүдэнз зурах төдийд түймэр асан дүрэлзэх үл тэвчих үзэл, бухимдал гаарсан.
– Ахуй амьдралын хүрээнд ард түмэн маань өдрийн хоолоо хэрхэн яаж олох вэ гэдгээс цааш юуг ч бодож сэтгэх боломжгүй болтлоо туйлдаж ядарсан олонх хийгээд тив дамнан өвөлжиж зусдаг, хэрэглээгээрээ өрсөлддөг нэн цөөн санхүүгийн элит хэсэг хэмээх хоёр үндсэн эрс тэс ангид зааглагдан ялгарсан. Ядарсан хэсгийн дотор өөрсдийнх нь энэ хүнд хэцүү амьдрал энэ дээдэс, олигархи, хөрөнгөтнүүдийн буруу удирдлага, ханаж цаддаггүй шуналаас боллоо гэж үздэг нь олонх байж, тэднийгээ үзэн ядах сэтгэлзүй нэгэнт бий болсон бол нөгөө талд доодсоо хүн гэж үздэггүй, мал, нохойноос өөрцгүй гэж харж, ад үздэг үзэл дэлгэрсэн. Өөр хоорондоо үл ойлголцох, зөвшилцөх боломжгүй шахам болсон АНГИТ, АНТАГОНИСТ НИЙГЭМ нэгэнт үүсчихсэн. Хамгийн хачирхалтай нь энэ байдлыг төр бодлогын түвшинд хэлэлцэж, засаж залруулах талаар ер анзаардаггүй, байх ёстой зүйл мэт үзэж, бүр тэгэж сурталчилдаг, ойлгодог, тэр ч бүү хэл санаатай, санамсаргүйгээр дэвэргэдэг хэсэг бий болсон.
– Нийт хүн амын 34 орчим хувь нь Арилжааны банкинд хадгаламжтай ч тэдний 95 хувь нь нийт халгаламжийнхаа 5-хан хувийг эзэмшдэг. Төрөөс тэрбумтан төрдөгт бид гайхаж шогшрохоо больж, жам ёсны зүй тогтол мэт хүлээж авдаг болсон. Шударга хөдөлмөрөөрөө хөрөнгө чинээтэй болж буй хүмүүс бий ч тэд цөөхөн төдийгүй “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог”-ийн үлгэрээр шударга бусаар хөрөнгөжсан бусад олонхийнхоо хомрогод орж, ад үзэгдэх болсон.
– Улс төрийн хүрээнд улс төржилт байж болох чичирхийллийн түвшингээсээ хэдэн зуун хувиар хэтэрч, аюулын харанга дэлдэх болсон. Намчирхал юуны түрүүнд Төрийн албыг хорт хавдар мэт нэрвэсэн. Нам даган хийрхэгч фанатууд, эсвэл цөөврүүдээр бүрдүүлснээс төрийн алба хүнд суртал, хээл хахуулийн орд уурхай болж хувирсан. Намчирхал бүр даамжраад нэг жалга довынхныг ч хагалаад зогсохгүй нийгмийн суурь болсон гэр бүлд хүртэл нэвтэрч, гэр бүлийг хагалах хэмжээнд хүрч байгаа. Намаас болж бие биеэ хэзээ ч хүлээн зөвшөөрөх чадваргүй болсон нийгмийн анги бүлгүүд бий болсон. Намуудад сонгогчдын талцуулан, улайруулж байх нь улам илүү ашигтай болж, тэр байдалд тос нэмэн уухайлах атлаа, өөрсдөө тайзны араар, нударган дотроо сэм тохиролцдог болсон.
– Нам нэртэй дээрмийн шахуу бүлэглэлүүд төрийн дээр эрээ цээргүйгээр сандайлан гарсан. Бид соц үеийн нэг намын дарангуйллаас гарч чадсан ч эргээд олон намын дарангуйлалд орсон нь зүйрлэвээс чонын амнаас гараад барын аманд орсон мэт, олон толгойтой могойн нажид зовлонг эдлэх мэт болов. Үр дүнд нь намын далбаан дор элдэв бусармаг үйлдлийг өмгөөлөн хаацайлдаг, хэн дуртай, эрээгүй нь завшдаг, хуулийн дээгүүр дураар гишгэлдэг хөл толгойгүй байдал гаарч, бүр байтлаа Нам нэрийн дор бүлэглэн хууль гарган хулгайлдаг, луйварддаг Төрийн тогтолцоотой болж хувирав.
– Оюун санааны хүрээнд асар олон талцал нэгэнт бий болжээ. Хуучин шинээрээ, хөгшин залуугаараа, либераль, социалистаараа, Галдан Бошигт хааныг дэмждэг, эсвэл Занабазар гэгээнтнийг дэмжидгээрээ хүртэл талцан, нэгнээ үзэн ядацгааж байна. Бүр байтлаа түүхээ хүртэл улс төржүүлж, АН-ын болон МАН-ын эрх ашигт тус тусад нь нийцсэн Монгол үндэстний, Монгол төрийн түүх хүртэл зохиогдох болсон.
– Итгэл бишрэлийн хүрээнд ч бие биеэ үл тэвчдэг шашны маш олон урсгалууд нэгэнт бий болжээ. Монгол орны хэмжээгээр янз бүрийн шашны сүм хийдүүд зуугаар биш мянгаар тоологдох болов. Монголын түүхэн дэх шашны хэт халалтын үед ч сүм хийдийн тоо өнөөгийнх шиг 1000 хүрч байгаагүй юм. Тэр бүү хэл хөгжингүй орнуудад хориотой байдаг шашны сект хүртэл орж ирсэн. Бөө нь шарын шашнаа үгүйсгэнэ, шарын шашин нь загалмайтнаа, загалмайтан нь лалаа, лал нь тэнгэр шүтлэгтнээ үгүйсгэнэ. Тэгээд зогсохгүй дотор зууртаа тэмцэлдэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.