Ялтан болчихолгүй энэ сонгуулийг дуусгахсан

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 24 ・ 1

Улс төр гэдэг шидтэй юм. Улс төрийг чи оролдохгүй бол улс төр чамайг оролдоно гэгчээр хоногийн 24 цагт улс төр биднээр оролдож байгаа. Өглөө ажилдаа ирэхэд л улстөрч болохоор шийдсэн гэгээн мөрөөдөлтэй хүмүүсийн жагсаалт нэгээр нэмэгдэж байх жишээний.

Дуугаа дуулаад амжилт олоогүй одонцор улстөрч болохоор шийдсэнээ сүртэй зарлалаа. Монгол бөхийн дэвжээг улстөртэй андуурсан зарим бөхчүүд бие дааж нэр дэвшихээ мэдэгдэв. Түрийвч гаргаж хурайлаад л мөнгө олчихдог шидтэй эмэгтэй улстөрчдийн түрийвчийг хурайлахаар билэгт сайн өдөр бие дааж нэр дэвшихээ мэдэгдсэн гээд олны нүдийг орой дээр нь гаргах үйл явдал ойрын хэдэн өдөр монголчуудын ярианы сэдэв болж байна. Орой гэртээ хариад зурагтаа үзэхэд улс төрийн намуудын ажил хаялт, сор залж нэгнээ шатааж буй “элийрэл”, алуурчнаараа дуудуулсан намынхны гомдол тунирхал, ард түмэндээ хайртай улстөрчдийн инээсэн төрх эфирийн цагуудыг эзэгнэчихэж.

Шат шатны сонгууль дөхөхөөр идэвхждэг улс төрийн амьдрал сүүлийн үед ёстой л гал авалцаж байгаа бололтой. Нам улс төрүүд олонхи бүрдүүлэхийн төлөөх өрсөлдөөн явуулж, жижиг намуудыг уусгах, өөртөө нэгтгэхээр уралдаж эхэлжээ. Төрийн өндөр босго намсч, хэн дуртай нь УИХ-д сууж болдог юм гэсэн явцуу бодлыг төрүүлсэн улстөрчдийн элдэв хошин үйлдэл энэ хүрээд дуусахгүй.

Цаашдаа ч улам бүр идэвхжинэ. Улс төр гэдэг ийм л шидтэй аж. Арга ч үгүй. Өнөө цагт улс төргүйгээр шийддэг асуудал, улстөржилтгүйгээр явдаг ажил, улстөрчдийн сонирхол ороогүй салбар гэж үгүй болсон. Хөдөө хөхөрч гадаа гандаж яваа малчдыг хүртэл манай, танай намаар нь ялгаж шагнадаг болсон, намууд.

Хүн ардынхаа энхийн манаанд зогсох учиртай эмч, эмнэлгийн ажилтнууд цэнхэр улаанаараа ялгаран хэрэлдэж, намынхаа гишүүн ээжүүдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ гэхээс л наагуур аашилж буй. Хэвлэл мэдээллийн салбарыг хүртэл улстөрчид манайх, танайхаар нь хувааж, Ардын намын фэн, Ардчилсан намын дуу хоолой гэж хуваадаг гээд хэлчихэд хатуудахгүй. Тэд өөрсдөө л бүхнийг өмчилдөг. Залуучуудыг багаас нь талцуулж, намууд өсвөр үеийн лидер бэлтгэх нэрийн дор ирээдүйн цүнх баригч, бөгс долоогчдыг бэлтгэдэг гэдгийг нуугаад яахав.

Энэ мэтээр улс төрийн намуудын хуруугаа дүрээгүй, хошуу нэмэрлээгүй салбар Монголд үлдсэнгүй. Тийм ч учраас энэ ид шидтэй ажлыг хийх гэж хүн бүхэн улайран тэмцдэг бололтой юм. Бүр бурхны шашныг хүртэл төрийн томчууд булаалцалдаж, манай хүүхдүүдээс шашны сургуульд явуулахгүй бол танай хийдэд дэмжлэг үзүүлэхгүй хэмээн ил цагаан дарамталсан тухай яриа Төрийн ордонд яригдаад удаж буй. Бурхан шашны асуудлыг буруу зөрүү ярьчих вий гэж эмээдгээс биш энэ мэт ил далд өрнөж буй зөрчил тэмцэл бүрийг саарал ордонд сууж байгаа эрхмүүд жиг жуг ярьдгийг нуугаад яахав. Улстөрчдийн гараа хамгийн сайн шургуулсан салбар бол хууль, шүүх. Шургуулахын төлөөх эх адаггүй тэмцэл ч олон жил өрнөсөн. АТГ улс төрийн зорилгоор ажиллаж, улс төрийн зорилготой мэдэгдэл хийдгийг бид олон удаа харсан. Тангараг өргөсөн төрийн цагдаа таалагдаагүй сайдаа унагахын тулд хэрхэн зохион байгуулалттай гэмт хэрэг зохиож болдгийг та бид үзсэн, мэдэрсэн.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bataa / 2016 02 сар 25/

    Îäîî ÀÍ ìºí ÌÀÍ ààñ áóñàä íàìä ñàíàëàà ºãñºí õ¿í øîðîíä îðíî ãýæ õóóëü ãàðãàõ ë äóòàæ áàéíà

    Хариулах