Улс төрийн үйп явдал санамсаргүй өрнөнө гэж бараг байдаггүй. Нэг бол эртнээс нарийн төлөвлөсөн, эсвэл тохиролцсон байх нь ердийн үзэгдэл. УИХ-ын ээлжит бус чуулганаар Цэцийн даргыг огцруулах ганцхан асуудал хэлэлцээд завсарласнаас харахад эрх баригчид Ж.Амарсанаа гэдэг хүнийг огцруулах ганц хүсэлтэй байсан нь тааж ядах юмгүй ойлгогдов.
Цахим орчинд “Цэцийн дээр хөх тэнгэр биш Их тэнгэрийнхэн байдаг юм байна” гэсэн дүгнэлт хөвөрч байна. Огцорсон гэгдэж
байгаа Ж.Амарсанаа орой болгон телевизийн бүх сувгаар эрх баригчдыг, УИХ-ын дарга З.Энхболдыг муулаастай.
Үндсэн хууль болон бусад хуулиар хараат бус байдлыг нь тогтоож өгсөн байтал улстөрчдийн халдлагад өртөв гэсэн ноцгой мэдэгдлийг удаа дараа хийв. Цэц, парламент хоёр хоорондоо тэврэлдээд, сүжрээд байдаг институц биш л дээ. Тэгэх боломж ч байхгүй.
УИХ-аас баглан гаргаж байгаа хууль, тогтоомжууд Үндсэн хуулийн хил хязгаарыг зөрчсөн эсэхийг нүд цавчилгүй манах үүрэгтэй, гэр хүрээндээ зарим шийдвэрийг нь хүчингүй болгочихдог учраас Цэц сайн нэр багатай.
Ялангуяа 2004 оноос хойш УИХ-аас баталсан шийдвэрүүд Үндсэн хуулийн цэцийн босгон дээр тун ч олон бүдэрсэн. Гэлээ гээд ингэтлээ түнжин хагарч, дарга, цэргийг нь ээлжит бус чуулган зарлан байж огцруулж байсан түүх үгүй. Ж.Амарсанаагийн хэлээд байгаагаар бол АН-ынхан Р.Гончигдоржийг Цэцийн дарга болгохын тулд ийм хууль бус үйлдэл хийсэн болж таарав.
Улстөрчдийн халдлагад өртсөн дараагийн байгууллагаар Авлигатай тэмцэх газар (АТГ) тодорч байна. Ялтайд тооцох хугацаа дуусаагүй, гомт хэрэгт шалгагдаж байгаа гэх хэд хэдэн үндэслэлээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжгүй талаар хуулийн лавлагаа гаргаж өгсөн нь өөр дээрээ гал дуудсан явдал боллоо. Гэхдээ Засгийн газраас лавлагаа хүсэж байхад таг дуугүй суух боломж АТГ- ынханд байхгүй. Лавлагаа гаргаж өглөө, маргаашаас нь АТГ-ын эсрэг дайралт идэвхжив. “Ардчилал, шударга ёс-Монголын залуучуудын холбоо” гэх байгууллага АТГ-ыг бусдын захиалгаар ажилладаг гэж шүүмжиллээ. Хамгийн сонирхолтой нь залуучуудын энэ холбоо засгийн эрх барилцаж байгаа МАХН- ын дэргэдэх байгууллага юм гэсэн. Өөрсдөө засгийн эрх барьж байж “Эрх баригчдын захиалгаар ажилладаг” гэж буруутгасан нь нэг л логик муутай сонсогдсон учраас намынх нь даргын сайд болох замд садаа болсонд л эгдүүцсэн хэсэг залуу бухимдаж дээ гэж бодогдсон.
Үргэлжлэлийг эндээс уншина уу