Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 04

Улстөрчид үг хэлэхээрээ бархирчих гээд байдаг болов. Зарим нь бүр орилох шахуу л үгээ дуусгаж байна. Бусад нь үүнийгээ ил гаргахгүй л болохоос багтарч, бачуурсан төрхгэйгөөр гишүүд Төрийн ордноор холхих болов. Яг л тамлуулсан хүн өвдөлтөндөө багтарч бачуураад орилдог шиг. Дээгүүрзэ ийм байхад доогуураа ялангуяа, жижиг намуудын хэмжээнд ямар байгаа нь тодорхой.
Товчхондоо Ерөнхийлөгчийн “Игзаар хүрэм” (зэвүү хүрэм, дургүй хүрэх, эгдүүцэх) гэж хэлсэнтэй агаар нэг өдрүүд улс төрд үргэлжилж байна. Сонгууль угтсан улстөрчдийн энэ бачуурал чухам яагаад дээд цэгтээ тулсан нь мэдээж шалтгаантай. Тэр нь УИХ-ын сонгуулийг пропорциональ хувилбараар буюу холимог тогтолцоогоор явуулах нь Үндсэн хууль зөрчсөн хэмээж, намын жагсаалтын 28 мандатыг түдгэлзүүлсэн Цэцийн шийдвэрээс үүдэлтэй.
Тэгэх нь ч аргагүй юм. 2012 оны УИХ-ын сонгуулийг мажоритар, пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор явуулсны үр дүнд хэний ч мэдэхгүй эрхмүүд намын жагсаалтаар парламентын босго давж, Байнгын хороо даргалж, яваандаа төрийн сайд болтлоо дэвшсэн нь зарим улстөрчдийг нойргүй хонуулах бас битүүхэндээ атаархал төрүүлэх болсоор өнөөдрийг хүрсэн. Үүнээс үүдсэн улстөрчдийн УИХ-ын гишүүн болох сонирхол өдрөөс өдөрт хөтлөгдсөөр намын жагсаалтад нэрээ бичүүлэх босгыг 2012 онтой харьцуулахад харьцангуй өндөр ханштай болгоод байв. Цэцийн шийдвэрээс үүдэж бүх зүйл орвонгоороо эргэхийг төсөөлөө ч үгүй явсан зарим нь тойргоо тойглох нь битгий хэл дараагийн горилогчдодоо зайгаа тавьж өгөөд байлаа шүү дээ. Харин нэр бүхий иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Дунд суудлын хуралдаанаа хуралдуулсан Цэцээс намын нэрсийн жагсаалтаар 28 гишүүнийг УИХ-д сонгох нь Үндсэн хууль зөрчсөн хэмээх дүгнэлт гаргасан нь сонгуулийн өмнөх уур амьсгалд аянга буулгаж орхилоо.
Учир нь, жагсаалтын 28-д нэрээ бичүүлэх марафонд өрсөлдөхөөр дэнчингийн мөнгөө аль эрт намдаа тушаасан горьчилогчид АН, МАН гэлтгүй МАХН, ХҮН-д ч олон байв. Сонгуулийн хуульд эмэгтэй гишүүдийн квотыг 30 хувь хүртэл байх заалт тусгасантай холбогдуулж, жагсаалт руу тэмүүлсэн эмэгтэйчүүд ил биш ч өөрсдийн сонирхлоо илэрхийлж байсан нь саяхан. Гэвч Цэцийн дүгнэлт тэдгээрийг тас цохиж, түүнийг нь АН, МАН-ын бүлэг хүлээж авахаа мэдэгдсэнээс үүдэж нам доторх гомдогсдын хүрээлэл өдрөөс өдөрт тэлэх шалтгаан болж байх шиг.
Өөр нэгэн зүйл гэвэл сонгуульд ирэх сонгуульд эрх баригчдыг дэмжиж оролцохоо илэрхийлсэн МҮАН, Эх орон, ИЗНН-д аль тойргоо өгөх нь АН-ын удирдлагуудын хүзүүнд олс шидсэнтэй агаар нэг болзлыг тулгах болсон. Албан бус мэдээллээр ИЗНН-д тав, МҮАН-д хоёр, Эх оронд хоёр, ХҮН-д гурав тойргийг тус тус хуваарилж АН-ын нэрийн өмнөөс дэвшүүлнэ гэх. Бараг 12 тойрог. АН гишүүдээ 76 тойрог нэр дэвшүүлсэн тохиолдолд чамлахааргүй их тоо, тэр хэмжээгээрээ тойргоо алдсан нь нэр дэвшигчдийн игзаар хүрнэ. Тийм байлаа гэж бодоход ИЗНН, МҮАН,
Эх орон, ХҮН-ын удирдлагууд өөрсдөө ялах боломжтой тойргийн хуваарилалтад орно уу гэхээс МАН-ын хүчтэй кадрууд өрсөлдөх газарт очиж тоосоо өргөхгүй нь лав. Энэ нь тэднийг “торгуулийн сум”-н руу явуулж буйгаас өөрцгүй бас АН өрсөлдөгчдөдөө сул суудал алдаж байгаатай агаар нэг. Тиймээс Цэцийн дүгнэлтийн ард гарлаа гэж бодоход бусад намд өгөх тойргийн хуваарилалт хэрхэн явахаас АН-ын гишүүдийн бачуурал, бухимдал улам өсөх үү, эсвэл буурах уу гэдэг нь тодорхой болох юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.