Өчигдрийн улс төр

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 05
Монголын улс төр худал хэлсэн хүнд нэгхэн минутын хугацаанд өөрчлөгдөж байна. Өчигдөрхөн МАХН-ын гишүүн байсан хүн ганц хоногийн дотор МАН-даа үнэнч хэмээн аашилж аяглахыг харлаа. Урваж одсон нэгний араас уйлж дуулахыг бас үзлээ. Намаасаа УИХ-ын дэд даргын суудал авчихаад байсан улстөрч шинэхэн намд зөвлөхөөр томилогдохыг та бид нэгхэн хоногийн дотор л үзэж байна.

Хоёрхон жилийн өмнө гаргасан шийдвэрээ буруу байжээ гэж “эргүүтдэг” хоёр нүүртэй Цэцийг харлаа. Ардчилсан намыг амандаа багтахгүй муу муухайгаар харааж байсан нэгэн АН-ыг дэмжинэ ээ хэмээн харайж явахыг мөн л сүүлийн хэд хоногт үзэв. Долоо хоногийн настай бүлгийн дарга, нэр дэвшээд л сураг нь тасарсан салбарын сайдын мөрөөдлийг ч бас үзчихлээ. Элэг бөөрөөрөө нэгдэх нь нэгдэж, эх адаггүй урвалт шарвалт, үнэ цэнээ алдсан улстөрчид, үнэт зүйлээсээ ухарсан төрийн түшээд, хуйвалдааны улс төр, худлаа үнэн цэцэрхэх бидэндээ хэтэрхий хайртай улстөрчдийн үнэн төрхийг сүүлийн хэдхэн өдрийн дотор олныг харлаа даа.

Амьд яваа хугацаандаа үзээд барамгүй олон урвалт шарвалт, худалч, хуурамч дүр төрхийг бид хэтэрхий богинохон хугацаанд үзэв. 24 цагийн дотор монголын улс төрд хоёр ч том эргэлт хийгдлээ. Тодруулбал, өчигдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авснаар УИХ-ын 2015 оны төгсгөлд баталсан Сонгуулийн хуулийн зарим зүйл заалт хүчингүй болж, жагсаалт хүчингүй боллоо.

Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэнээр “Шударга ёс” эвслийн бүлэг эрхзүйн чадамжгүй болох нь. Мөн Л.Цог намаасаа гарч, Г.Уянгын байгуулсан намд зөвлөхөөр очсон бол, ХҮН-ын экс дарга нар намаасаа хөөгдсөн гээд үзэх харах зүйл хэтэрхий их байлаа, өчигдөр.

 

Жагсаалтын 28 баяртай


УИХ-ын чуулган үдээс өмнө хуралдаж ганцхан асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, намын жагсаалтаар УИХ болон бүх шатны сонгуульд орж ирэх нь Үндсэн хуулийн зарим зүйл заалттай зөрчилдөж байна гэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Уг асуудлаар “Шударга ёс” эвсэл ажлын тав хоногийн хугацаанд завсарлага авч, завсарлагын хугацаа мягмар гарагт дууссанаар асуудлыг өчигдөр шуурхай хэлэлцэв. Хэлэлцэх шатанд эсэргүүцэх, нөгөө талаар аргагүйн эрхэнд дэмжиж байна гэдгээ хэлэх гишүүд ч байлаа. Г.Уянга гишүүн уг нь энэ пропорциональ тогтолцоо хэрэгтэй. Залуу, шинэ улстөрчдөд хэрэгтэй юм, уул нь.

Цаашдаа бид энэ тогтолцоог явуулах ёстой. Гэвч намууд жагсаалт муухай гэдэг ойлголтыг ард түмэнд өгчихсөн учраас би намаа биш ард түмний талд санал өгөхөөс өөр аргагүй байдалд орж байна хэмээсэн юм.

Зарим нь бүр ил тодоор эсэргүүцэж, хуралдаа ирээгүй. Тухайлбал, АН-аас Н.Алтанхуягийн тэргүүлдэг “Алтангадас” фракцийн гишүүд болон анхнаасаа нэг асуудлаар хоёр шийдвэр гаргасан Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн Р.Гончигдорж нар санал хураалтад оролцсонгүй.

Харин МАН-ын гишүүд 100 хувийн ирцтэй санал хураалтад оролцлоо. Хуралдаанд 51 гишүүн оролцож, 49 гишүүн санал өгснөөр Цэцийн шийдвэрийг хүлээн авч, ингэснээр сонгуулийг мажоритор тогтолцоогоор явуулах шийдэлд хүрлээ. Гэхдээ жижиг байх уу, томсгосон тойргоор явах уу гэдгээр намын бүлгүүд 16.00 цагаас эхлэн хуралдаж, өчигдөр шийдвэрээ эцэслэх байсан ч АН-ынхан дахиад л хурлаа хойшлуулж, ойлголцолд хүрч чадсангүй. Харин дугаар шилжих мөчид МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байсан юм.

Сонгуулийн хуулийн тодорхойгүй байдлаас болж намууд нэр дэвшигчдээ зарлах хугацаа хойшилсон. Тэгвэл АН, МАН том, жижгээ шийдэж хуулиар хурдан өөрчилж оруулж ирэхгүй бол сонгууль хойшилж магадгүй болоод байгааг нуух юун.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх