Дэд сайдад нэр дэвшсэн Г.Тэнгэр, Т.Аубакар, М.Батбаяр нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 06 ・ 1

Засгийн газрын дэд сайдад нэр дэвшигч М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АТГ-аас ашиг сонирхлын зөрчлийн урьдчилсан мэдүүлэг ирээгүй гэх үндэслэлээр томилохоос татгалзсан. Тэгвэл хаалганы гадна үлдээд байсан гурван дэд сайдын ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хянан үзэж, хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.

 

Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн Барилга, хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшсэн М.Батбаяр, Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшсэн Г.Тэнгэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад томилогдохоор нэр дэвшсэн Телуханы Аубакар нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзсэн байна.

 

Ингэхэд дээрх нэр бүхий гурван эрхэм дэд сайдын албан тушаалыг шударгаар хашихад харшлахуйц ашиг сонирхлын зөрчилтэй гэх дүгнэлт гарчээ.

 

Энэ талаар АТГ-ын Хэвлэлийн албанаас "М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т заасан "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгохоор байна гэх дүгнэлт гарлаа" гэх мэдээллийг өглөө.

Тиймээс М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй байгаа тул томилохоос татгалзаж, хуулийн хэрэгжилтийг хангах тухай зөвлөмжийг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.

 Ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй гэж заасан байдаг. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 07/

    М.Батбаяраа ичиж ухээч. Юун том санаатай юм.

    Хариулах