Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 09 сар 06

Нийслэлийн Засаг дарга С.Батболдоос энэ асуултыг асуумаар байна. Өнөөдөр Улаанбаатар хотод цэнгээний газрын цагийг нааш цааш нь болгохоос өөр хийх ажил мундахгүй л их баймаар юм. Яг үнэндээ хотын шинэ дарга С.Батболд ажлаа авснаас хойш дорвитой ажил юу хийв. Ажлын өрөөгөө тохижуулахад улсын мөнгө үрлээ гэх хэрүүлд л хутгалдлаа. Дээрээс нь өмнөх хотын удирдлагуудын хийж, хэрэгжүүлсэн зүйлсийг өөрчлөхөд анхаарлаа.
Дамбадаржаа, Дэнжийн 1000 орчмыг хотын дэд төв болгоно ч гэх шиг. Уг нь өмнөх удирдлагууд Ханын материал орчмыг дэд төв болгож, тэнд нийслэлийн шинэ захиргааны барилгыг барина гэж байсан. Үүнийг өөрчилж, Дэнжийн 1000 гэж өөрчилдөг нь ямар ч учиртай юм. Гэх мэтээр бусдын хийснийг баллуурдаж, өөрчлөх л ажил хийж байна. Баар, цэнгээний газар, пабын хаах цагийг наашлуулах талаар албан ёсоор ч биш, твиттер хуудсаараа дамжуулж мэдэгдэл гаргаадахав. Улаанбаатарын баар, цэнгээний газрууд үүрийн 04:00 цаг хүртэл ажиллаж байгаа нь хотын даргад гай болоод байгаа бололтой юм. Хэрвээ үнэхээр ийм шийдвэр гаргахаар шийдсэн бол ганц хоёр зөвлөгөө өгөх гэсэн юм, хотын дарга аа.
Манайхаас өөр улс оронд баар, цэнгээний газрууд нь 24 цагийн турш ажилладаг юм билээ. Мэдээж мань мэтийг бодвол хотын дарга гадаадын олон улс руу явж, галуу шувууны мах идсэн хүн тэр зэргийг мэддэг л байлгүй дээ. Гэтэл манайд яаж байна, бүх л зүйлийг хаана, хорино, цагдана. Дэлгүүр тэдэн цагт хаах ёстой, баар тэд хүртэл ажиллана гээд л. Манай улсад 24 цагийн дэлгүүр ч байхгүй. Буудал, зарим эмийн сан зэрэг тоотой хэдэн газар л 24 цагаар ажилладаг байх. Харин ашгүй хотын өмнөх удирдлагууд баар, цэнгээний газрыг 04:00 цаг хүртэл ажилладаг болгож, олон эерэг үр дагавартай шийдэл болгосон. Харамсалтай нь энэ шийдвэр одоогийн хотын даргын дургүйг хүргэжээ, янз нь. Баар, цэнгээний газар 04:00 цаг хүртэл ажилласнаар олон сөрөг зүйлийг бууруулсан. Ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, авлига хээл хахууль, шагийн архи гээд л.
Энэ бүхэнтэй уялдаад маш олон эерэг хандлага гарч байсан. Зарим хүмүүс гэмт хэргийн тоо тэдэн хувиар буурсан. Тийм ч үзүүлэлт ингэж буурсан гээд янз бүрийн тоо бичээд байна. Тэрийг нь яг нарийн мэдэхгүй байна, хотын даргад бол олж мэдэхэд юухан байх вэ дээ. Тэр тоо баримтыг нь олж аваад, хараад эргэцүүлэн бодож шийднэ байгаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.