УИХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн зургадугаар сард болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. УИХ-ын сонгуультай аймаг, нийслэлийнх ч хамт болж, мөн Ардын нам ялсан. Завхан аймагт АН ялсныг эс тооцвол. Тэгвэл ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Сум, дүүргийн сонгууль гэсэн үг. Одооноос улс төрийн хүчнүүд бэлтгэлээ базааж, өөр өөрсдийн “сум”-аа тавьж эхэллээ. Харин УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж чадсан МАН энэ удаад яах бол. Ялж дангаараа шат шатанд төр барих уу. Ялагдсан АН-д иргэд итгэл хүлээлгэж, МАН-д хяналт тавих даалгавар өгөх үү, эсвэл... Орон нутгийн сонгуульд хэний “морь” түрүүлэх бол гэж хүн бүр биенээсээ асууж байна. Харин таах арга алга, ард түмэн хэнийг сонгохыг.
МАН нэрээ барж дууслаа
Яг үнэндээ муулах гэж муу хэлж байгаа юм биш шүү. Иргэд 2016 оны сонгуулийн үеэр улс орныг МАН л аварч чадах нь, манийгаа өөд нь татна гэж бодож сонголтоо хийх шиг болсон. Гэвч эрх баригчид Засгийн газраа байгуулж, сайд нараа томилж эхлэхэд л олон хүн молигодуулснаа ойлгож, толгойгоо шааж эхэлсэн байх. Юун мэргэжлийн Засгийн газар, ёстой хол зөрөх нь тэр. Дараа нь яав. Мөрийн хөтөлбөртөө тусгасан бүхнийхээ эсрэг баахан дүрэм, журам, хууль гаргана гэж дөвчигнөсөн. Өнөөдөр гэхэд л хүүхдийн мөнгийг хасна гээд л байж байна. 60 хувийнх нь мөнгийг өгөөд, үлдсэн 40 хувийг нь дараа хүүтэй өгнө ч гэх шиг. Энэ мэтээр “үлгэр хүүрнэж” байхад 7, 8, 9 дүгээр сарын мөнгө нь хаана ч байгаа юм, орсонгүй. Сая ээлжит бус чуулган зарлаж, эрх баригчид нэлээд хэд хоног шөнө оройгүй л хуралдав.
Тэгэхдээ юу амжуулав. Төсвийн тодотгол гэгчээ батлах шиг боллоо. Уг нь төсвөө хэмнэнэ, бүсээ чангална, дарга нараасаа хэмнэлтээ эхэлнэ гээд л байсан. Сардаа 20, 30 саяын цалинтай нөхдүүдийн халаас руу өнгийхөөр болсон ч чадсангүй.
Баячуудын татварыг нэмж, хадгаламжийн хүүнээс татвар авна ч гэж ярьсан, бас л зориглосонгүй. Баян, эрх мэдэлтэй хүмүүс рүүгээ халдаж чадахгүй салганаж байгаад сүүлдээ дундаж руугаа, бүр ядуус руу дайрсан. Төрийн албан хаагчдын 36 сар хүртэлх тэтгэмжийг танана гэж баахан айлгаж байгаад, сүүлдээ өөрсдөө айгаад болив. Аргагүй шүү дээ, эмч, багш нар ажил хаячихвал энэ улс чинь баларна биз дээ. Ингээд л эцсийн дүндээ машинтай иргэдийн халаасыг сэгсэрч, дөрвөн тэрбумыг босгохоор болоод л дууслаа. Өөр юу ч шийдэж чадсангүй, энэ засаг. Юу ч хийгээгүй гэхэд бас хэцүү л дээ. Ядаж өрөө тасалгаагаа сайхан болгосон. Бас ч гэж хэдэн хуулийн төслийн нэрийг өөрчилж, Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг үгүй хийсэн юм байна.
Ингэж ажиллаж байгаа МАН-ыг одоо сонгох уу. Ард түмнээ сайхан амьдруулна, бүх зүйлийг өөд нь татна гээд байсан эрх баригчид одоо болохоор “бүсээ чангал”, “Ард түмэн хэтэрхий тансаг байна”, “Иргэд тансаглалд автчихаж” гэх маягийн юм яриад байж байна. Өнөөдөр ярьсан зүйлээ маргааш нь үгүйсгээд л хоёр сарыг үдэв. Ерөнхийдөө МАН нэрээ барж дуусч байгаа. Ийм байхад МАН ялна гэж хэлэхэд хэцүүхэн л байна.
АН-д боломж байгаа, гэвч...
АН-д ялах боломж байгаа гэж харах хүн олон байна. МАН төрд гараад, ард түмэнд таалагдсан бил үү, үгүй. Уг нь ард түмэнд таалагдах гэж гаргасан шийдвэрүүдээсээ ухарсан. Гэхдээ л эргэж буцсан, салж нийлдэг эхнэр нөхөр шиг үйлдлүүд нь тэднийг орон нутгийн сонгуулийн өмнө рейтингээ алдахад хүргэсэн. Тийм болохоор хамгийн хүчтэй өрсөлдөгч болох АН-ын рейтинг нөгөө талдаа өсч таарна биз дээ. Гэвч өнөөдөр АН-ынхан ҮЗХ-ны хурлаа хийж чадаагүй байгаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.