О.Орхон захирлаа, Эрдэнэтийн хувьцааг авсан 400 сая ам.долларын 200-г танай ХХБ хаанаас босгосноо тайлбарлаач!

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 10 ・ 1

orhon

8 хувийн зээлийг санхүүжүүлж дийлэхгүй байгаа Худалдаа хөгжлийн банк ямар мөнгөөрөө Эрдэнэтийн 49 хувийг авчихав аа?

Худалдаа хөгжлийн банк 400 сая ам.доллар босгож Эрдэнэтийн 49 хувийг  авсан гэх асуудлыг, уг мөнгөний эх үүсвэрийг шалгах үүргийг Монголбанк хүлээгээд буй. Энэ бол яах аргагүй анхаарал татсан асуудал. Тэгвэл үүнтэй зэрэгцэн тус банкны гүйцэтгэх захирал О.Орхоны хэлж ярьж байгаа зүйлс анхаарал татаад байна. Тэрбээр “8 хувийн ипотекийн зээлэн дээр арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээ оруулах ямар ч боломжгүй. Найман хувь өөрөө бид нарын татаж байгаа эх үүсвэрийн маань зардлаас доогуур дүн болчихоод байна. Тэгэхээр найман хувийн ипотекийн зээлийг яг одоогийн хэрэгжиж буй хэлбэрээр нь явуулахаас өөр гарц байхгүй. Өнөөдөр засгийн газар хэзээ хөтөлбөрөө эхлүүлэх нь тодорхой байгаа нөхцөлд өөрөөсөө алдагдал үүсгэж, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг эрсдэлд оруулж болохгүй. Ийм хүлээлт үүсгэж болохгүй. Тийм учраас банкууд найман хувийн зээлээ зогсоосон байгаа.” хэмээн хэвлэлд ярьжээ. Тэгэхээр түүний эл байр суурийг  хоёр талтайгаар хүлээж авахаар байгаа юм.  Нэгдүгээрт, Эрдэнэтийн хувьцааг их мөнгөөр авсан, санхүү дажгүй сайн гээд байгаа банкны чадамж үнэндээ тааруу байгаа юу, хоёрдугаарт өөрсдийнх нь бизнест оролцоод байгаа засаг руу эргүүлэн сөргөж байгаа юу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Ямартай ч Худалдаа хөгжлийн банк Эрдэнэтийн асуудалтай холбоотойгоор шалгагдах уу, цаашид үйл явц хэрхэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. О.Орхон захрал өмнө нь Эрдэнэтийн хувьцааны талаар  хэлэхдээ  “Энэ асуудалд чанд нууцлалын гэрээний дагуу явагдсан. Учир нь олон улсын гэрээ хэлэлцээр хийх явцад саад болох хүчин зүйл байсан. Гэрээ 400 сая долларын үнэтэй байгаа. 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. ХХБ бол санхүүжүүлэгчдийн нэг.” гэж байсан. Тэгэхээр Монголын эдийн засагт онц чухал үүрэгтэй явж ирсэн толгой үйлдвэрийн хувьцааг гартаа оруулсан замналаа цэв цэвэр эсэхийг  тодруулахад өөрсдийнх нь зүгээс ч идэвх гарах ёстой болов уу?

Энд нэг зүйлийг хэлэхэд Гүйцэтгэх захирал О.Орхон хоёр өөр зүйлийг яриад байгааг уншигч та анзаарч байгаа болов уу. Учир нь “Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэгт орохдоо 200 саяыг нь Худалдаа хөгжлийн банк босгосон гэсэн бол medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа  “Эх үүсвэрийг хэрхэн босгосныг Монголбанк шалгаад, дүгнэлтээ гаргах байх. Бидний босгосон 400 сая ам.доллар дотор урд хөршийн гаралтай ямар ч мөнгө байхгүй, гадны хөрөнгө оруулалт нь цаана нь байхгүй. Нэг ч улстөрчийн мөнгө, далд хувьцаа байхгүй гэдгийг онцолмоор байна. Бүх зүйл ил тод байгаа. Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан. Ер нь бол цэвэр зээлийн эх үүсвэр гэсэн үг л дээ. Засгийн газраас өгсөн үүргийн Монголбанк энэ асуудлыг хянаад, тодорхой болгоно.” гэжээ.

Тэгэхээр нэг бол 400 саяыг банк босгосон гээд тэгснээ 200 саяыг банк босгосон гээд байгаа нь ямар учиртай вэ. 200 сая ам.долларын санхүүжилтийн зөрүү энд яригдаж байна. Энэ мөнгийг иргэдийн хадгаламжаар босгов уу,  эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тус дэм байв уу гэхчлэн асуултууд гарч ирнэ. Эрдэнэтийн наймааны ялагч болсон гэгдээд байгаа “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэгийг  Х.Баттулга болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойр гэх мэдээллүүд өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдээр цөөнгүй гарч байсан билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Ганцацрал / 2016 10 сар 11/

    Элбэгдорж гэж гайтай хатигийг шахаад гаргах аавын хүү ээжын охин алга уу. Болохгүй бол бүгдээрээ хамжаад зайлуулах ёстой

    1
    Хариулах