Нийгэм
・Нийтэлсэн:
Ганаа
・
2014 09 сар 23
・ 5
Зайсангийн тэргүүн хатагтайгаар тодроод буй Д.Өнөрболорын “Сөүл” ресторанаар манай сурвалжлах тусгай групп өнгөрсөн баасан, бямба гарагт зочиллоо.
Тус ресторанд тусгай үйлчилгээ үзүүлдэг ширээний залуухан зугаацуулагч охид бий гэдгийг сонсоод нүдээр үзэх гэж очсон нь энэ. Биднийг очиход нам гүмхэн байсан ч оройн 21:00 цагаас хойш үйлчлүүлэгчид ирж, хөл хөдөлгөөн ихтэй болов. Тус рестораны караокед ширээний гэгддэг охид байх аж.
Хувцаслалт, биеэ авч яваа байдлаас нь харахад юу хийдэг нь тодорхой эдгээр охид гадаадаас ирсэн зочидтой нэг хүний цагийн хорин мянган төгрөгөөр сууж, наргиж цэнгэдэг гэдгээ нуугаагүй. Охидоос ирсэн зочид сонголтоо хийж авдаг юм байна. Ямар ажлаар яваагаа охидод нууж хаалгүй хэлж, илэн далангүй ярилцахыг хүсэхэд зарим нь дургүйцээгүй юм.
Биднийг сууж байхад солонгосчууд л олноороо орж ирж байв. Солонгосчууд болсон хойно нөгөө ямаан омгоо гаргаж, зөөгч охидтой ярилцахын хооронд сандал ширээ өшгичиж, тэр хавиар бөөн юм болов. Гэтэл тун удалгүй нэг өрөөнөөс 10-аад охин гарч мөнөөх солонгосчуудын өрөөнд орж, гурван нь үлдэж бусад долоо нь буцаж гарч ирж байлаа. Зочид дуртайгаа шилээд авдаг гэж танилын маань ярьж байсан үнэн боллоо. Сиймхийг ашиглан хаалганы завсраар шагайхад хөгшин солонгосчууд охидыг хажуудаа суулгаад архи ууж, бүжиглэнэ, үнсэлцэнэ, биеийнх нь эмзэг хэсгүүдээс базалж барилах зэргээр аашилна. Нөгөө охид ч үүнд нэг их эмзэглэлгүй, шуудхан хэлэхэд мэргэшсэн мэт байх юм.
Д.Өнөрболор хатагтай Зайсанг там болтол нь ухсан. Гэтэл үүндээ сэтгэл ханаагүй бололтой. Өдгөө өөрийнх нь өмчийн нэг “Сөүл” ресторанд монгол охид биеэ үнэлж байгааг мэдээгүй гэж мэлзэхгүй биз ээ. Манай сонин өмнөх дугаарууддаа Д.Өнөрболорын Зайсанд хууль бусаар газар авч, хэдэн төгрөгийн ашиг орлого олсныг дурдаж байсан. Хууль бусаар газар авахдаа ямартай ч дөрвөн компанийн нэр ашиглан орон сууц болгодог түүний ард нөлөө бүхий УИХ-ын гишүүд байдаг гэнэ билээ. Нөлөө бүхий томчуудтай холбоо сүлбээтэй гэгддэг Д.Өнөрболорт охидыг ширээний хүүхэн болгож, буруу замд татан оруулах, Зайсангийн дархан цаазтай газрыг сүйтгэх нь юу ч биш аж. Тэгэхээр энэ эмэгтэйтэй холбоотой хууль бус олон үйлдлүүд ар араасаа сунжрах төлөвтэй. Учир мэдэх хүмүүсийн яриагаар Д.Өнөрболорын компанид татварын шалгалт оруулах нь ч зүйтэй.
Саяхныг хүртэл борогжуу амьдралтай байсан эмэгтэйг солонгос хөгшин баян эр мөнгөтэй болгож, дээдсийн хүрээнд хөл гишгүүлснийг нь аз гэх үү, эз гэх үү. Угаасаа өөрийн хөдөлмөрөөр мөнгө олоогүй Д.Өнөрболор бохир мөнгийг бохир аргаар олсон гэж ойр тойрныхон нь ярих юм билээ. Тэрбээр “Сөүл” ресторандаа өөрийнхөө зургуудыг үзэсгэлэн мэт эгнүүлэн тавьжээ. Энд одоогийн Ерөнхийлөгчөөс авахуулаад гадаад, дотоодын төрийн томчуултай татуулсан зургууд ч байлаа. Нэг үгээр мань хүн өөрийнх өө нэр нөлөөг орж ирсэн зочдод харуулахыг зорьжээ. Гэхдээ хүнд мөнгө байлаа ч хүн чанарын өчүүхэн ч болтугай хэлтэрхий бас байх ёстойг Д.Өнөрболор ойлгодог болов уу.
Р.Саруултөгс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.