Өвлийн улирал айлчлан ирж буйтайгаар гэр хорооллын иргэд галаа түлж эхэлсэн билээ. Утаагүй Нийслэлийн төлөө түүхий нүүрсийг халж, шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Харин сайн хажуугаар саар асуудлууд гарах болов. Тухайлбал, иргэд угаартах цаашлаад амиа алдсан харамсалтай явдал гарсаар байгаа тул Утааны эсрэг аав, ээжүүд ТББ-аас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон ээжүүд гээд бүл цөөн айлуудын янданг хөөлж өгч сайн үйлсийг бүтээж явна.

Энэхүү сайн үйлсэд жүжигчин Д.Оюунтуул нэгдэж угаартахаас нэн тэргүүнд сэргийлэхийн тулд яндангаа зөв хөөлөх нь чухал гэдгийг иргэдэд маш ойлгомжтойгоор тайлбарласан бичлэг сошиалд түгэв. Мэдлэг хэзээд илүүдэхгүй тул уншигч та бүхэн түүний ажлынхаа нэг өдрийг угаарын эсрэг хэрхэн зориулсантай танилцана уу. Мөн утаагүй, угааргүй өвөлжихийн тулд иргэн та дараах зөвлөмжийг дагаарай. Үүнд:

1. Яндангаа хөөлөөрэй
2. Пийшингийн худаг сувгаа цэвэрлээрэй
3. Пийшин зуухны бүрэн байдлаа шалгаж шар шавраар шавардаарай
4. Угаар мэдрэгчийн баттерейгаа шалгаад ажиллаж байгаа эсэхийг нь нягтлаарай.