“Улаанбаатар” их дэлгүүрийн нэг хаалгыг хаахад үйлчлүүлэгчгүй болох уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 02 ・ 2

Өнгөрөгч сарын сүүлчээс буюу хэдхэн хоногийн өмнөөс II амаржих газрын эмч нар жагсаал хийж "Улаанбаатар" их дэлгүүрийн гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Тэдний жагсаал хийх болсон шалтгаан нь бидний дөнгөж хорвоод мэндэлж байгаа үрс, амаржиж буй эхийн төлөө сэтгэл зовнисондоо жагссан. Гэвч тус дэлгүүрийн хамгаалагч нар сүүлдээ эмч нартай зүй бусаар харьцаж байсан юм. 

Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын эргэн тойронд битүү барилга барьсан.  Үүний улмаас тус амаржих гэзрын халаалт доголдож эхэлжээ. Өнгөрсөн 2013 онд нэг давхрын өрөөнүүд нь халаалтгүй өнжиж хүндрэл учруулсан байна. Энэ байдлыг өнөө жил дахин давтахгүй нь тулд тэмцлийн эхний шат болох жагсаалаа хийсэн нь энэ. 

Өвлийн улиралд халаалтгүй байранд ямар байхыг та төсөөлөөд үзнэ үү. Тэгээд дөнгөж төрсөн нярай, амаржсан нярай эхүүд даарч хөрж болохгүй байлтай. Харин үүнийг "Улаанбаатар" их дэлгүүрийн Г.Сүхээ гэгч мэддэгүй бололтой. 

II амаржих газар халаалтын шугам нэмж тавихаар бүхий л газруудаасаа ном журмынх нь дагуу зөвшөөрлийн авч, дулаан шугамыг нь тавих компани нь хүртэл тодорхой болчихоод ажлаа эхлүүлэх гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд эсэргүүцжээ. 

Дулааны шугам нэмж тавиулах зөвшөөрөл авахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Амаржих газрын дулааныг "Улаанбаатар" их дэлгүүрийн зүүн талын дулааны худгаас авах, түүнд зарцуулагдах хөрөнгө мөнгийг нийслэлийн ИТХ-ын төсвийн тодотголоор оруулан баталсан. Дулааны төв байгууллагаас нь энэхүү худгаас халаалт авахад ямар ч асуудал байхгүй гэдгийг нь мэдэгдэж, зураг төслөө гаргасаар өнгөрсөн сарын 15-наас дулааны шугам татах ажлаа эхлүүлж болно гэдгийг II амаржих газрынханд мэдэгджээ. Ингээд ажлаа эхлүүлэх болтол  "Улаанбаатар" их дэлгүүрийнхэнд хандаж өргөх бичиг өгсөн юм. Харин уг өргөх бичгийнх нь хариуд “Эх, нярайн нэр барьж хувийн байгууллагыг түрэмгийллээ. 600 сая төгрөгийг барагдуул” гэсэн байна. 

Энэ тухай Нийслэлийн II амаржих газрын чанарын менежер А.Цэцэгмаа "Бид нар жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн. Улаанбаатар их дэлгүүрийн ерөнхий захирал Г.Сүхээ даргад нь өргөх бичгийг өгсөн. Харин энэхүү өргөх бичгийн хариуд 600 сая төгрөгийг нэхэмжилсэн бичиг ирүүллээ. Улаанбаатар их дэлгүүрийн зүүн тийшээ харсан хаалганы машин тавьдаг зам дээр манайх дулааны сүлжээгээ тавьж засвар хийх гээд байгаа юм. Ингээд ажлаа хийх гэхээр тус дэлгүүрийн орлого хаагдана гэж үзээд байна. Уг нь бол хоёр хаалгатай дэлгүүрийн нэг хаалга нь хоёрхон хоногийн дотор хаагдахад тийм их хэмжээний алданги тооцно гэсэн хуулийн заалт байхгүй шүү дээ хэмээн учирлаж байлаа. 

Үеэ өнгөрөөсөн хоёр давхар модон байшинд шинэ зууны бяцхан үрс мэндэлж байгаа. Эмч нар шинэ эмнэлэг бариад өгөөч ээ гэж хүсээгүй хэдхэн хоног нийтийн эзэмшлийн газар буюу зүүн талын хаалгаа хаагаад өгөхийг хүссэн. Гэтэл ийнхүү ямар ч үндэслэлгүй 600 сая төгрөгийг хүний амь насны төлөө тангараг өргөсөн эмч, ажилтнуудаас нэхэх нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ. 

Тус амаржих газар нь анх 1959 онд ашиглалтанд орж байсан бөгөөд эмнэлгийн хоёр давхар байшингийн нэг давхрын өрөөнүүд 2013 оны өвөл огт халаагүй. Халаалт муугаас болж хагалгааны эмч нар бээрсэн гартай эхчүүдэд кесаров хагалгаа хийгээд зогсож байдаг аж. Өдөртөө 40-өөд эх амарждаг бөгөөд 20 гаруй мэс засал хийдэг тус амаржих газрыг дулаантай болгохгүй бол эх хүүхэд даарч өвчин тусахгүй гэсэн баталгаа алга. 

Хүйтэн хөлдүү хэвээрээ өвөлжих юм бол  энэ жил амаржих 3000 гаруй эх, нярай яах вэ. "Улаанбаатар" их дэлгүүрийн  зүүн талд байрлах машины зогсоол, явган хүний зам буюу нийтийн эзэмшилийн зам талбайгаар дайран өнгөрдөг. Энэхүү зүүн талын хаалгыг хаахад тус дэлгүүр үйлчлүүлэгчгүй болж олон мянган төгрөгийн алдагдалд орох юм гэнэ. Үйлчлүүлэгчээ татсан томоохон дэлгүүрийн нэг хаалга хэдхэн хоног хаагдахад үйлчлүүлэгчгүй болж орхин гэж бодохгүй л байна. Учир нь хойшоо харсан нэг хаалга бий. 

Монголчууд аливаа зүйлд дасан зохицохдоо сайн улс. Нэг хаалга нь хаалттай байлаа ч "үйлчлүүлэхгүй" биш гээд буцахгүй. Тойроод л нөгөө хаалгаар нь орчихно. Ийм мэдээжийн зүйл дээр луу унжиж эх хүүхдийн нэрийг барьж хувийн байгууллагыг хохироолоо гэх шалтгаан тоочиж байгаа нь харамсалтай. Бизнесийнхэн ашгаа бодох нь зүйн хэрэг. Гэхдээ нийтийн эзэмшлийн талбайг бас ч ингэж үнэлж болохгүй байлтай. 

Холбоотой мэдээлэл: Нялхасаа хөлдөөхгүй нь тулд “Улаанбаатар” их дэлгүүрийн удирдлагад 600 сая төгрөгийг төлөх үү

 

Х.Даваа

 

Эх сурвалж: www.dorgio.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: