Украин: Ялагдлаа яаж бултуулах вэ?

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 09 сар 25 ・ 2
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 1 жил 9 дэх сар руугаа шилжиж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, Европын Холбооны Гадаад хэргийн дээд комиссар Жозеп Боррель, Америкийн Дайн судлалын институтын (ISW) дүн шинжилгээ, украины шинжээч Иван Ступак нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. Украинд Оросын эхлүүлсэн энэхүү тусгай ажиллагаа Оросын өдөөсөн бүрэн хэмжээний дайн болон шат ахин өрнөж буй. Дайны төгсгөл харагдахгүй, хохирол сүйрэл дагуулан үргэлжилсээр. Цэргийн онол-урлаг судлаачид, стратеги тактик судлаачдын үздэгээр бол ОХУ ялахгүй нь нэгэнтээ тодорхой болсон.
 
Украины фронт дээр ялагдаж шившгээ тарихгүйг л хичээн байлдана. Москвагаасаа том шахалт, том дарамттай оросын цэрэг ганц ч метр урагшлахгүй окопны сунжирсан дайнаар энэ оныг үдэх зорилготой. Ялагдлаа бултуулах арга саам л Орос хайна. Мөрийтэй тоглоомд ялагдаж алдаж буй хүн яаж авирлаж тоглоомыг тоглоом биш болгож бусниаж нураадаг тэр арга руу Кремль шилжсэн. 
 
Путины өс хонзон, уур уцаар тэнгэр нураах хэмжээнд тэсэрч байгаа боловч тэр өс хонзонг нь гүйцэлдүүлэх цэрэг-зэвсэг туйлын хүрэлцээгүй болж байна. Шинээр цэрэг татаад ч цаадуул нь аргацаахаас бус хүний нутагт дайнд ялах хүсэл сонирхол үгүй.
 
сонин mn
 
 
 
 
Явж явж Путиныг захирч албадаж чадах, дайн хийх хүслийг нь хүчээр унтраалгаж чадах хоёрхон хүн дэлхийд байгаа ба тэр нь Иван Ступакийн олж харснаар Хятадын удирдагч, Туркийн Ерөнхийлөгч гэнэ. ОХУ-ын Ерөнхийлөгчид хэн нөлөөлж чадах вэ гэсэн жагсаалт энд тэндгүй гарсан ба маш олон улс төрч, олон улсын байгууллага (НҮБ-аас эхлэн жагсана), оросын өөрийнх нь төр, засаг, улс төрчид, олигархи, бүр өөрийнх нь гэр бүлийнхэн ярайж харагдах жагсаалтыг шүүж шүүж Си Жиньпин, Режеп Тайип Эрдоган нарыг тодруулжээ. Жагсаалтыг магнайлсан тэр хоёр хүн Кремль рүү утас цохиж, “Володя, одоо боль, зогс!” гэх юм байна. Хариуд нь Путин “Тэгээд надад ямар ашигтай юм. Би юу хожих юм?” гэж мэдээж асууна.
 
Үүнд Европын Холбооны нэг лидер Жозеп Боррель “Украин дахь дайн шударга энх тайвнаар дуусгавар болох ёстой” гэж хариулав. Украин нь ямар ч тохиолдолд Оросын ноёрхлыг хүлээн авч болохгүй. Владимир Путинээс Украины эсрэг өдүүлсэн дайны цорын ганц үр дүн нь шударга энх тайван л байх ёстой. Дайн дуусгахыг хамгаас илүү хэн хүсч байна вэ, мэдэж байна уу? Украинчууд! Украин л дайн дуусаасай гэж бүхнээс илүү хүсч байна.
 
Хэзээ, хэрхэн гэдэгтээ биш юм. Энэ дайн  Украины ялагдлаар төгсөж огтоос болохгүй. Шударга энх тайвнаар төгсөх ёстой. Түрэмгийлэгч нь эзлэгдсэн нутаг дэвсгэрээс гарах ёстой, учруулсан хохирлоо төлөх ёстой, дайны гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэв. Путины тухай Европын Холбооны дээд комиссар ярихдаа, хэрэв дайн сунжраад жил хагас үргэлжилнэ гэж Путин төсөөлсөн бол тэрээр дайн эхлүүлэхгүй байсан. Дайн ингэж жил хагас үргэлжлэх юм чинээ Путин огтоос төсөөлөөгүй. Хэрэв жил хагас байлдана гэж төсөөлсөн бол энэ нь Оросын хувьд асар том бүтэлгүйтэл болно гэдгийг олж харах байсан биз. Оросын арми 2000 танкаа баттай алдчихлаа. Та нар мэдэх үү, 2000 танк гэж? Энэ чинь европын бүх армиудын танкуудыг нийлүүлсэн тоо шүү дээ. Оросын цэргийн үхэл хохирол гэж албан бус мэдээгээр бол аймшигтай тоо гарч байна. Энэ чинь Оросын хувьд улс төр, цэргийн маш том бүтэлгүйтэл юм биш үү? 
 
сонин mn
Путин хилийн чанадад явж чадахаа байлаа, яагаад гэвэл Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлагдах эрсдэлтэй учраас тэр. Гэтэл тэр өөрөө дайн эхлүүлж байхдаа энэ тухай хэзээ ч бодож төсөөлөөгүй. Хэрэв дайн ингэж үргэлжлээд байх юм бол Украиныг Европын Холбоо яагаад дэмжээд байдаг юм бэ, барууны зэвсэггүй бол дайн хэдхэн 7 хоногийн дараа дуусчих юм биш үү гэж ямагт асуудаг. Тэр асуултад би ингэж хариулдаг. За тэгвэл бид зэвсэг нийлүүлэхээ зогсоочихъё, дайн удахгүй дуусаг. Гэтэл дайн яаж хэрхэн дуусах юм бэ? Украин бууж өгөх ёстой болж байна уу? Тэгээд Беларусьт байгаа шиг тийм удирдлага Украинд гарч ирэх ёстой юу? Оросын арми Польшийн хилд тулж ирээсэй гэж та нар хүсээ юү? Украинчууд оросын ноёрхол, дарангуйлалтай эвлэрэх ёстой юм уу? Энэ бүхэн бидэнд ерөөсөө падгүй юү? Энэ бол Европ ба АНУ-д олон нийтийн үзэл бодолд тусдаг бодит асуудлууд мөн л дөө.
 
Украин дахь энэ дайн Европыг нойрноос сэрээсэн. Европчууд америкийн цэргийн шүхэр дор байгаагаа ёстой нэг сайнаар мэдрэх шиг болсон. Батлан хамгаалахдаа асар их мөнгө төсөвлөхгүйгээр америкийн цэргийн шүхэр дор байна. Энэ чинь л энх тайвны давуу тал.
 
Худалдаа хөгжүүлээд, эдийн засгийн хувьд харилцан хамааралтай болчихвол боллоо гэдэг нь ОХУ-ын халдан түрэмгийллээр нотлогдсонгүй. Тийм хамаарал нь харин ч оросын зэвсэг юм байна гэдгийг бид гэв гэнэт мэдэж авлаа. Оросын гаазнаас 40% хамааралтай байсан нь Оросын хувьд бидний эсрэг барьсан зэвсэг байжээ. Европ нь ганц ч грамм парацетамол үйлдвэрлэдэггүй гэдгээ цар тахлын үед гэнэт бид мэдэж авсан шүү дээ, одоо тэгээд стратегийн бүтээгдэхүүн болчихоод байна. Манай  стратегийн автономыг хангахын тулд хамаарлаа багасгах ёстой, тэгэхгүй бол хамаарал гэдэг чинь аюул болж хувирна хэмээн Боррель ярьжээ. ISW хүрээлэнгийн дүн шижилгээ фронтын хамгийн халуун цэгүүдийн талаар ингэж өгүүлжээ. Оросын бэхлэлт хориглолт олон чиглэлд сэтэрсэн, зарим нь устгагдсан. Өмнөд фронтод байлдаан үргэлжилж байгаа боловч оросын бэхлэлт зарим хэсэгтээ тэссээр байна. Работино-Вербовый хотын хооронд оросуудын босгосон асар урт траншейны шугамынхаа заримыг оросууд хянасаар байна. Украины явган цэрэг аажмаар, болгоомжтой урагшлах боловч хориглолтын шугам дэндүү олон, Вербовыйд оросын цэрэг хээрийн бэхлэлт маш олныг босгосон, хуягт машин, танкийн саадан траншей цувруулан олныг ухаж бэлтгэсэн, харин тэнд хориглож буй оросын цэргийн тоо тодорхойгүй, иймд украины тал аажмаар системтэй давшихыг хичээнэ. Оросын хувьд фронтын энэ хэсэгт тогтвортой удаан хориглон хамгаалах цэрэг байхгүй, ухсан суваг шуудуу олон байна гэжээ. 
 
Украины зэвсэгт хүчин Запорож муждаа давшилтаа ахиулж, Работиногоос урагш Новопрокоповкад 1.5 км давшив. Бахмутын өмнөд жигүүрт украины сөрөг давшилт амжилтад хүрч, оросын цэрэгт ихээхэн хохирол учруулсан ч орос байрлалаа алдахгүйг хичээн зууралдан байлджээ. Купянскийн районд давших гэж оролдовч украины няцаалттай тулгарав. Оросын цэрэгт их бууны галын дэмжлэг илт дутагдана. Донецк-Авдеевкийн чиглэлд оросын цэрэг давших гэж оролдовч урагш ахисангүй.
 
Марьинка, Красногоровкад давших гэж оролдоод бүтэлгүйтэв. Луганск мужид оросын цэргийн байлдаан илт суларсан, их бууны галын хүч намжсан, харин бие бүрэлдэхүүндээ ротац хийж байх шиг байна хэмээн ISW хүрээлэн мэдээлжээ. ОХУ-ын Хар тэнгисийн флотын штаб руу Украины зүгээс пуужингийн цохилт  өгснөөр хоёр генерал амиа алдахын даваан дээр хүнд шархдан жагсаалаар гарсан тухай мэдээ түгэв. Мөн Оросын Курск хот руу дроны халдлага хийж, ФСБ-гийн төв байр руу онилсон цохилт өгчээ. “Барууны зааварлагчдын удирдсан украины цэрэг Запорожид амжилттай байлдаж байгааг” баргар царайлсан Сергей Шойгу ч хүлээн зөвшөөрчээ.
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
сонин mn
 
www.Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2023 10 сар 26/

    ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

    ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

    Хариулах
  • ОРОС ЯЛЖ БАЙНА / 2023 10 сар 26/

    САНААНААСАА САЙХАН ЗОХИОЖ БИЧИХ ЮМ ДАА АРГАГҮЙЛ БАРУУНЫ ТЕХНОЛОГИ ШҮҮ ДЭЭ.БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ОРОСУУД ЯЛЖ ОДОО БАЙГАА ОРОС ҮНДЭСТНҮҮДИЙН ХЭДЭН ЗУУН ЖИЛ АМЬДАРЧ БАЙСАН НУТГААС ХЭТРЭХГҮЙ Л ХАМГААЛАХ ТАКТИКААР БАЙЛДАЖ БАЙНА.. ДОНЕЦСК ЛУГАНСК ЗАПОРОЖИ БОЛ ОРОС ҮНДЭСТНИЙ ӨЛГИЙ НУТАГ ШҮҮ ДЭЭ

    Хариулах