Дэлхий
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 10 сар 19
ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 19 /Anadolu/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд лхагва гарагт хоёр дахь удаагийн оролдлогоор шинэ даргаа сонгож чадсангүй. Бүгд найрамдах намаас энэ албан тушаалд нэр дэвшиж буй Жим Жордан хоёр дахь шатны санал хураалтаар эхнийхтэй адил шаардлагатай дэмжлэгийг авч чадаагүй байна. Ийнхүү тэрбээр Төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдахчуудын нам доторх хуваагдлыг даван туулж чадахгүй хэвээр байна. Ж.Жордан нь АНУ-ын Конгрессын доод танхимын хууль зүйн хорооны дарга юм.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон завсрын сонгуулиар Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд олонх болсон юм. Тэд мягмар гарагт Жорданыг спикерийн суудалд албан ёсоор нэр дэвшүүлжээ. Бүгд найрамдах намынхан лхагва гарагт түүнийг дахин нэр дэвшүүлсэн байна. Харин Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын цөөнх энэ албан тушаалд бүлгийн дарга Хаким Жеффрисийг (Нью-Йорк муж улсаас сонгогдсон) нэр дэвшүүлжээ. Гэхдээ энэ нь үнэн хэрэгтээ цэвэр бэлгэдлийн алхам юм.
Гэсэн хэдий ч хоёр дахь шатны санал хураалтын дүнгээр Х.Жеффрис Ж.Жорданаас илүү дэмжлэг авчээ. Ардчилсан намын нэр дэвшигч 212 хүний саналыг авсан бол Ж.Жорданыг 199 гишүүн дэмжсэн байна.
Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдохын тулд хамгийн багадаа 217 санал авах ёстой.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.