Соёлын яам НҮБ-ын Хүүхдийн сантай байгуулсан 2023 онд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд тохиодог “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэхүү өдрийг угтан “Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал” сэдэвт салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Соёлын дэд сайд М.Батбаяр, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон холбогдох төрийн болон Олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, хүүхдийн эрхийн салбар, эцэг эх хүүхдийн төлөөлөл гээд 100 гаруй төлөөлөгч оролцов.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмж, түүний хэрэгжилт, телевизийн контентын эрх зүйн зохицуулалтад хийсэн мониторинг судалгаа, гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэхэд анхаарах асуудал, хүүхдийн асуудлыг сурвалжлах арга зүй, хүүхдийн аюулгүй байдал ба хэвлэл мэдээллийн суурь боловсрол сэдвээр мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн www.Peak.mn сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгор "Хүүхдийн асуудлыг сурвалжлах арга зүй илтгэл" сэдвээр тавьсан илтгэлдээ, Хэвлэл мэдээллийн байгууллага алдахдаа алдаад, онохдоо оноод явж байгаа. Үүн дээр цагдаагийн байгууллага мэдээлэл өгөхдөө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ хандлагаа өөрчлөх цаг хэдийнээ ирчихсэн. Бид нарын мэдээлж буй энэ мэдээ ямар байдлаар нийгэмд хүрэх вэ гэдэгт их анхаарах хэрэгтэй. Таны гаргасан мэдээ, пост олон жилийн дараа гэсэн ч хүүхдийг ичихээр агуулга агуулсан байгаа юм биш. Яагаад гэвэл цаг үе өөрчлөгдөж байна. Z үеийнхэн бид нартай мөр зэрэгцэн ажиллаж байгаа. Тэгэхээр хэдэн жилийн дараа "намайг ийм байдалд оруулсан" гээд таныг шүүхэд дуудаж мэдэх орчин нөхцөлд ажиллаж байгаа. Сэтгүүлч нар хүүхдийн асуудалд маш их эмзэглэдэг энэ үедээ сэтгэл хөдлөлдөө автаад алдаа гаргачихдаг.
Тэр үед ёсзүйн зарчмаа эргэн харж байх ёстой юм болов уу? Редакциуд өөрсдөө бие даасан бодлоготой байх ёстой гэж боддог. Нийгмийг сэрдхийлгэсэн үйл явдал болсоны дараа л хүүхдийн асуудлыг түлхүү яриад байгаа юм. Тэгэхээр бусад үед яах вэ? Редакцийн бодлогын хэдэн хувийг хүүхдийн асуудлын талаар бид ингэж бичнэ гэсэн бодлогыг оруулж өгөх ёстой. Тэгэхгүй байгаагаас бид шуугианы хойноос хөөгөөд байна. Манай редакцийн бодлогодоо хүүхэд хүчиндсэн, гэмт хэргийн асуудлыг дуулиантайгаар мэдээлэхийг хориглоно гээд редакцийн бодлогодоо тусгасан байдаг. Тийм болохоор хэзээ ч хүүхдийн талаарх хүчирхийллийн мэдээг нийтэлдэггүй. Хүүхдийн эрхийн асуудлын ард томчууд л буруутай. Томчууд бид нарт хүүхэдтэйгээ яаж харьцах уу гэдэг арга барилаа мэдэхгүй байна. Ингээд л стрессээ хүүхэд рүү гаргаж хүүхдийн эрхийг зөрчих шалтгаан болж байгаа учраас бид "Уурлах уу, Учирлах уу" контентыг бэлтгэж уншигчддаа хүргээд гурван жил болж байна. Контентын уншигчдын уулзалтыг улиралд тутамд зохион байгуулдаг 100 гаруй хүн оролцдог болсон" гэв.
Харин ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Захиргаа, дүн шинжилгээ, инновацын хэлтсийн дарга Г.Мөнхбаяр ярихдаа “Ховд аймагт 13 настай охин бусдад зодуулж, харамсалтайгаар нас барсан хэрэг гарсан. Гэтэл хэвлэл, мэдээллийн байгууллагаар ташаа мэдээлж, цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч, хэргийг өргөн бүрэлдэхүүнтэй шалгаад, тухайн гэмтэл учруулсан этгээдийг олж тогтоосон. Гэтэл хэвлэлээр “Талийгаач хүүхдийг үе тэнгийн 3-4 хүүхэд зодсон” гэж нийгэмд буруу мэдээлэл тараасан. Үнэн хэрэгтээ хэрэг үйлдсэн этгээд нагац эгч нь байсныг тогтоосон. Мөн дэмжих бүлгийн байгууллагын ажилчдын буруутай үйл ажиллагаа бас байдаг. Учир нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилчид гэмт хэрэг зөрчилтэй холбоотой, бага насны хүүхэд гэмтэл авч эмнэлгийн тусламж авсан л бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой. Дээрх хэрэг болоход цагдаад мэдэгдээгүй байсан. Үүний улмаас хэргийг илрүүлэхэд хугацаа алдаж, нотлох баримт устах нөхцөл бүрдсэн.
Боловсролын байгууллагын багш, ажилчид сурагчдаа байнга судалж, эцэг эх болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх ёстой. Тэгэхээр хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглаж, хэргээ нуун дарагдуулсан бодит жишээ болж байгаа юм. Тиймээс сэтгүүлчид гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэхдээ эх сурвалжаас нь заавал асуух хэрэгтэй. Саяхан Сонгинохайрхан дүүрэгт 12 настай хүүхэд замын гарцан дээр автомашинд дайруулж нас барсан. Дөнгөж осол болсон даруйд сэтгүүлчид цагдаагийн байгууллагаас асууж эхэлсэн.
Цагдаагийн байгууллага “Яаралтай мэдээлэл авья” гэсэн асуултад ул суурьгүй хариулт өгч болохгүй. Албан ёсны эх сурвалж учраас бүрэн дүүрэн мэдээлэл авсны дараагаар сэтгүүлчдэд мэдээлэх үүрэгтэй. Гэтэл сэтгүүлчид тэр мэдээллийг өгөхийн хооронд “Архи согтууруулах ундаа хэрэглэсэн, эмэгтэй жолооч байсан байна гэж худлаа мэдээлэл тараасан гэж нийгэмд бухимдал төрүүлсэн” гэлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд цахим орчин, хэвлэл мэдээллийн салбарт хүүхдийн эрхтэй хангахтай холбоотой хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг сайжруулах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох гарц шийдлийн талаар оролцогч талууд санал солилцох юм. Уг санал дүгнэлтэд үндэслэн зөвлөмж боловсруулж төрийн захиргаад, хууль сахиулах байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэлэлцүүлгийн үеэр хүүхдэд зориулсан контентуудад хүчирхийлэл агуулж байна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцоллоо
НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн С.Болорцэцэг: Сүүлийн хоёр сар хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл солилцох, чадавхыг нь дээшлүүлэх хэд хэдэн ажил зохион байгууллаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго нь хэвлэл, мэдээллийн байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаалахад чухал үүрэгтэй. Хүүхдийн эрхийн зөрчил хаана байгааг мэдээлэхээс гадна хүүхэд рүү чиглэсэн контент бүтээх, хүүхдийн дуу хоолойг хэрхэн ёс зүйтэй мэдээлэх вэ, тулгамдаж байгаа ямар асуудал байгааг хамтдаа ярилцъя.
“Максима медиа” компанийн Контент мониторингийн менежер А.Урангоо: Манайх Соёлын яамтай хамтран “Хүүхдэд зориулсан зохицуулалтын хэрэгжилт ямар байна вэ” гэдэгт мониторингийн судалгаа хийсэн. Энэ судалгаагаар өргөн нэвтрүүлгийн телевизүүд нийт эфирийнхээ тайланд хамрагдсан саруудын 11-13 хувьд хүүхдэд зориулсан контент эзэлж байна. Гэтэл хүүхдэд зориулсан нэвтрүүлэг гаргах үүрэгтэй байдаг. Хамгийн бага үзүүлэлттэй өргөн нэвтрүүлгийн хүүхдийн контент нь 0.02 хувь байх жишээтэй. Гурван сарын хугацаанд огт хүүхдийн нэвтрүүлэг гаргаагүй өргөн нэвтрүүлгийн таван телевиз байсан. Хүүхдийн нэвтрүүлгийн хувь хэмжээ нь хүүхэлдэйн киноноосоо бага хувьтай. Харин арилжааны телевизүүдийн хувьд харьцангуй өөр. Хүүхдэд зориулсан контент гаргах үүрэг хүлээгээгүй ч ийм төрлийн нэвтрүүлэг, контент өндөр хувьтай байсан нь сайшаалтай.
Түүнчлэн хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх зохисгүй агуулгатай контент байна уу гэдгийг судалсан. Түлхүүр үгээр тоон үзүүлэлт гаргаж, судлахад хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлсөн контентыг судалгаанд хамрагдсан 75 телевизийн 70 орчим хувь нь гаргадаг. Эдгээрийн 36 хувь нь өргөн нэвтрүүлгийн телевиз, 64 хувь нь арилжааны телевиз байна. Жишээлбэл, залуусын хүчирхийлэл, аллагын гэмт хэргийг харуулсан контент өндөр хувийг эзэлж байсан. Хэдийгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдэд зориулсан контент хийж байгаа ч нөгөө талаас гэмт хэргийн сэдэл өгч байна. Тиймээс телевизүүд хүүхдэд зориулсан контент хийхдээ арга хэлбэрээ өөрчлөх хэрэгтэй.