Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 11 сар 10
Олон жил “0” зогсолтыг ярьсан эрх баригчдын мөрөөдөл уржигдар биеллээ. Улаанбаатар хотын автозам төв, зах гэлтгүй 6-7 цаг орчим “0” зогсолтод өртлөө. Үүнийг сүүлийн найман жил үнэмлэхүй олонх болж, төрийн эрх барьж байгаа МАН 2016 оноос хойш л ярьсан. Үүний цаана ямар нэгэн зорилго байдаг. Тэгвэл эрх баригчдын зорилго уржигдрын “0” зогсолтын үеэр тодорхой харагдлаа. Өдөр болгон шахам түгжирч байгаа шалтгааныг холбогдох албаныхан тухай бүрдээ тайлбар мэдээлэл хийж ирсэн бил үү. Гэтэл уржигдрын их түгжрэлийн дараа албаныхан яаран сандран худлаа, үнэн тайлбар хийлээ. Ингэж яаран сандран тайлбар хийх болсны цаад учир нь ердөө л эрх зүйн өөрчлөлттэй л холбоотой. Хотын шинэ даргыг томилсноос хойш удалгүй Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн.
Нийслэлийн энэхүү хууль үнэндээ хотын шинэ даргын санаачилга гэдэг нь тодорхой. Уг хуулиар түгжрэлийг шийдэхийн тулд төлбөр авах системийг оруулж ирэхээр байгаа. Үүнийг олон нийт хүчтэй эсэргүүцсэн. Эрх баригчдын хувьд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах ямар ч сонирхолгүй. Тэр тусмаа сонгууль ойртсон үед аль болох иргэдийнхээ эрх ашгийн төлөө, халамждаа анхаарсан шийдвэр гаргахыг л тэд бодно. Тэглээ гээд өөрсдийнхөө өргөн барьсан хуулийг буцаачихаж бас болохгүй. Тэгвэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр яаж өөрсдийнхөө хуулийг батлуулах вэ. Үүнийг эрх баригч нам өнгөрсөн найман жилийн хугацаанд маш чадамгай шийдэж ирсэн. Тухайлбал, уржигдар болсон түгжрэл эрх баригчид яаж хууль баталдгийн бодит жишээг ил тод болголоо. Тэд түгжрэлийг бууруулах хуулиа батлахын тулд ард түмнийг хохироон байж, зохиомлоор түгжрэл үүсгэж, бүр “0” зогсолтыг бодитой мэдрүүлж чадлаа.
Уржигдар, өчигдөр, өнөөдөр ч “0” зогсолтын талаар болон дахиад “0 зогсолт болох вий дээ гэж иргэд олон нийт санаа зовнин бичиж байна. Үнэхээр “0” зогсолт хийж байхаар төлбөртэй бүсээ байгуулъя гэж зарим нь хүсч байна. Ядаж төлбөр төлж чадах нь хотын төвөөр автомашинтайгаа яваад ажлаа амжуулъя гэдэг байдлаар нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдлөө. Нийгэм ийм сэтгэл зүйтэй болохыг эрх баригчид хүссэн учраас “0” зогсолтыг мөрөөдсөн. Одоо мөрөөдөл нь биелсэн болохоор хуулиа бушуухан батлуулаад авна. Энэ бол МАН-ын хууль батлах процессын ерөнхий план. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд яг ийм маягаар олон арван хуулийг баталсан. Ингэж батлуулсан хууль болгон нь эрх баригчдад наалдацтай, иргэдэд нийцгүй байгааг хэн бүхэн хэлнэ. Хотын замыг түгжрүүлсэн ч түгжрэлгүй байлгасан ч тэдний дур. Хулгайлсан ч баригдахгүй байх нь бас тэдний дур.
Саяны зохиомол түгжрэлээс болж, хэдэн арван хүн эмнэлгийн яаралтай тусламж авч чадалгүй амь насаа алдсан бол. Онцгой байдлын тусламж хэрэг болсон хэдэн айл эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон бэ. Үүнийг эрх баригчид хумсны чинээ боддоггүйгээ харууллаа. Нийгмийн сэтгэл зүйг зориудаар өөрчилж аливаа шийдвэрийг гаргах нь өөрөө үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолд шууд заналхийлж байгаа үйлдэл. Ингэж шийдвэр гаргаж, хууль баталдаг төр засгаас бид шударга ёс нэхэх нь үр дүнтэй юу…
Өдрийн сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.