Энэ цагийн их хүмүн Бавуугийн Лхагвасүрэн гуай нэгэнтээ аавынхаа тухай өгүүлэхдээ “Хүн ер нь ижийгээ л гэхээс аавыг хойш тавьж, аав гэдэг хүн ховорхон дурсагддаг юм уу даа” хэмээсэн байдаг. Эл үгийг уншсанаас хойш анзаарвал эр хүн, эцэг хүний тухай магтуу үг ээжийнхээс цөөн ч юм уу даа гэж бодогдох. Миний ээж ийм сайхан, ээж минь ийм л уран гартан байлаа, өргөс орсон гарыг ээж минь үлээгээд л эдгээдэг, ижий минь ийм л өв надад үлдээж дээ, ээж минь надад зааж сургасан юм гэх зэрэг амьдралынхаа гэрэл гэгээтэй бүхнийг ижийтэйгээ уясан байдаг. Харин бид аавынхаа тухай хэр их ярьдаг билээ гээд бодохоор “За энэ дээ” гэхээр зүйлс хомс. Энэ тэнд дуулж хуурдахаараа “...Миний ээж сайхан ээж, мяндас зөөлөн уян ээж...” гээд л мөнөөхөн ээж, аавын урдуур орж явчина. Гэхдээ аавынхаа тухай ярьдаг, дурсдаг, бахархдаг хүмүүс бий ч нийтлэг хандлага ээж рүү налаад байдаг “гэм” бий. Аавын тухай, ээжийн тухай дууны нэрсийг жагсаагаад харвал ээжийнх илүү жин дарах вий.
Харин энэ сарын 26-ны өдөр Монгол бөхийн өргөөнд “Түмэн жилдээ жаргалтай байг” тоглолтоо хийхээр зэхэж буй СТА Лосолын Болдбаатар аавын тухай олон сайхан дуунуудыг ардынхаа чихэнд хоногшуулж чадсан юм.
...Аавынхаа тухай ярихад бага нас минь дурсагдана аа
Адуу мал, найр наадмын үнэр ханхийх шиг санагдана аа
Хараад л баймаар, дагаад л явмаар, яриаг нь сонсоод л баймаар
Хан буурал аавынхаа тухай яриад л суумаар аа ...
... Хүрээд л очмоор, хүүрнээд л суумаар, хүү чинь эрхлээд л саатмаар
Хүний дээд аавынхаа тухай яриад л суумаар аа ... гэх дуу чухам үнэнийг өгүүлж айраг шимэнгээ аавынхаа тухай яриад л суумаар тийм нэг гэгээлэг, бас гэгэлзсэн сэтгэгдлийг эрхгүй төрүүлдэг. Аавынхаа тухай ярихад бага насны дурсамж зэрэглээн дундаас өндөлзөж, уурга даялсан адуучин, уртын дууны шуранхай, айргийн амт, гэзгээн сүлжсэн хөх өвгөдийн сүрдмээр бас хайрламаар тийм сайхан дүр сэтгэлд буух. Аавыгаа дагадаггүй хүүхэд ховор. Аавынхаа тухай яриад суухад хараад л баймаар, дагаад л явмаар, яриаг нь сонсоод л баймаар мөнөөхөн сайхан дүр сэтгэлд ургаад л ирнэ. Хааяа санаа алдмаар, сайхан аавынхаа мөрийг түшмээр, эрхлээд суумаар ийм л дүр зураг нүдний өмнө жирэлзэнэ. Амьдралын сайхныг, ажиллахын сайхныг, дурсахуйн сайхныг, дууны сайхныг аавууд бий болгодог. Тийм ч учраас тэнгэрлэг сайхан аавын хүү СТА Лосолын Болдбаатар аавын тухай сайхан дуунуудыг цээжнийхээ гүнээс амилуулж, сэтгэлд хоногшуулж чадсан учраас өнөөдөр тэнгэрлэг аавуудын магтуу болон дуурсаж байна. Миний Монголын тэнгэрлэг сайхан аавууд “Түмэн жилдээ жаргалтай байг ээ”.
Ж.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.