Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар

СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайгийн оронд дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатарыг Засаг даргаар томилжээ. Тэрээр "Сонгинохайрхан дүүрэг гэх их айлыг удирдах маш хариуцлагатай албыг хүлээн авч байна. Дүүргээ нийслэлийн хөгжлийн шинэ бүс болгохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээжээ. Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын даргаар ажиллаж байна. Б.Хуягбаатарын оронд тус дүүргийн Засаг даргын орлогч дарга Д.Ундармаа ИТХ-ыг удирдана.

 

Хан-Уулын Б.Цэрэн

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн оронд дүүргийн орлогч Б.Цэрэнг Засаг даргаар томилжээ. Б.Цэрэнгийн хувьд, 1992-1999 онд “Мэргэн санаа” гүйцэтгэх захирал, 1999-2002 онд “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2003-2005 онд “Улаанбаатар сүү” ХХК-ийн захирал, 2007-2008 онд “Номин холдинг” ХХК-д салбарын эрхлэгч, 2010-2011 онд “Энко трейд” ХХК-д бизнесийн зөвлөх 2020 оноос Нийслэлийн Хан-Уул Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 2017-2021 онд ХУД-ийн ИТХ-ын дарга, 2021-2024 онд ХУД-ийн Засаг даргын орлогчоор  тус тус ажиллаж байв.  Ингэхдээ  Хан-Уул ЭКО дүүрэг зорилтын хүрээнд аятай тухтай орчинд амрах, гүйх, спортоор хичээллэх,  нялх хүүхдээ салхилуулах боломж бүхий 11 бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан гэдэг.

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар М.Алтангэрэлийг томилжээ

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшиж парламентын гишүүнээр сонгогдож, тангаргаа өргөсөн. Тэгвэл тэрээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлаа М.Алтангэрэлд хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Засаг даргаар М.Алтангэрэлийг томилжээ.

 

Баянзүрхийн Засаг даргыг шинээр томилжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Баярмөнх ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний оронд тус дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайхан томилогдсон байна. Г.Жаргалсайхан нь 2020 оноос хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай. Тэрээр хүүхдийн хөгжлийн жилийн хүрээнд төлөвлөгөөнд туссан ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан нээлттэй, ил тод ажиллахаа мэдэгджээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дүүргийн Засаг даргыг нийслэлийн Засаг дарга томилдог. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль  ирэх аравдугаар сарын 11-нд болно. Орон нутгийн сонгууль дуустал дээрх таван дүүрэгт  үүрэг гүйцэтгэгч Засаг дарга нар ажиллах юм байна.