Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд дэлхийн 90 гаруй улс, 350 гаруй хотыг нэгтгэсэн ЮНЕСКО-гийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нийслэл Улаанбаатар хот нэгдэн орсонтой холбогдуулан “УЛААНБААТАР ХОТЫН СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД, СОЁЛЫН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ” сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Бодлогын Судалгааны төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газар, Соёл, урлагийн Их сургууль хамтран Хан-Уул дүүргийн Соёлын ордны хурлын танхимд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав.
Сургалтыг Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нээж Нийслэл Улаанбаатар хотод соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхийн олон талт ач холбогдол, амжилттай ажиллаж буй дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулан дэмжих, албан хаагчдыг үe шаттай суралцуулж, гадаад улсын сайн туршлага судлуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэх зэрэг санаачлан хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Түүнчлэн СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, доктор, профессор Ж.Эрхэмтөгс “Бүтээлч хот ба соёлын бүтээл үйлдвэрлэл” сэдэвт илтгэл, Нийслэлийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын Нийгэм эдийн засгийн шинжээч Б.Батсүрэн “Нийслэлийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн мэдээллийн сан бүрдүүлэх арга зүй“ сэдэвт илтгэлийг хүргэж, албан хаагчдад нэгдсэн мэдлэг, мэдээлэл, арга зүй олгов.
Сургалтад Нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид, дүүрэг хороодын соёлын асуудал хариуцсан, мэргэжилтэн, ажилтнууд, аж ахуй нэгж, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл 260 хүн оролцлоо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.