Дэлхий
・Нийтэлсэн:
Халиунаа
・
6 цагийн өмнө
Ромын католик сүм хийдийн шинэ тэргүүнийг сонгох кардиналуудын нууц чуулганыг тавдугаар сарын 7-нд эхлүүлэх болсныг Ватиканы засаг захиргаа өчигдөр /2025.04.28/ зарлажээ.
Ирэх бямба гарагт пап Францисийг оршуулсны дараа кардиналууд анх удаа хаалттай горимд уулзаад ийм шийдвэр гаргасан юм байна.
Ватиканы кардиналуудын нууц чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс 80-аас доош насны 135 кардинал оролцдог байна. Тэд 1.4 тэрбум католик шашинтны дараагийн удирдагч хэн болохыг шийднэ.
2005, 2013 онуудад болсон шинэ папыг сонгох өмнөх чуулганууд хоёр өдөр үргэлжилж байжээ.Гэхдээ талийгаач пап Францисийн шинээр томилсон олон кардинал урьд өмнө нь хоорондоо уулзаж байгаагүй тул энэ удаагийн чуулган илүү удаан үргэлжилж магадгүйг Шведийн кардинал Андерс Арборелиус мэдэгдсэн байна.
Латин Америкаас анх удаа сонгогдсон талийгаач пап Францис урьд өмнө кардинал тодорч байгаагүй улс орнуудаас, тухайлбал Мьянмар, Хайти, Руандагаас кардинал тодруулахыг чухалчилдаг байжээ. Мөн тэрбээр католик сүм хийдүүдийн хувьд хөндөхөөс зайсхийдэг байсан эмзэг сэдвүүд болох эмэгтэй санваартны томилгоо, бэлгийн цөөнхийн сүсэгтнүүд зэрэг асуудлуудад анхаарал тавьдаг байв.
Тиймээс кардиналууд дараагийн папыг сонгоход Францисийн шинэчлэлийг үргэлжлүүлэх хүсэлтэй хэсэг болон хуучинсаг хэсэг хоорондоо өрсөлдөх төлөвтэй байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.