Урлаг
・Нийтэлсэн:
Халиунаа
・
5 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмыг тавдугаар сарын 16-24-нд зохион байгуулна.
Тус наадмыг хоёр шаттай зохион байгуулах бөгөөд эхний шатны шалгаруулалт нь энэ сарын 16-22-ны өдрүүдэд нийслэлийн театруудад болох аж. Хамгийн сүүлийн шат буюу улаан хивсний ёслол энэ сарын 24-ний өдөр “Корпорейт центр”-т 17:00 цагт болно.
Тэгвэл өнөө жилийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжиг сонгогджээ. Тодруулбал, энэхүү уран бүтээлийг тавдугаар сарын 16-нд Тусгаар тогтнолын ордонд ганцхан удаа толилуулна.
Ташрамд дурдахад, “1984” постдрамын жүжиг нь “Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын драмын жүжгийн төрөлд зургаан номинацад нэр дэвшин өрсөлдөж буй. Тухайлбал, шилдэг найруулагч номинацад “Орфей” театрын найруулагч М.Батболд, шилдэг зураач номинацад “1984” жүжгийн тайзны зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, шилдэг хөгжмийн зохиолч номинацад Д.Нямхүү, Х.Цэцэн нар нэр дэвшиж буй бол “1984” постдрамын жүжигт бүтээсэн Уинстон Смитийн дүрээрээ Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ шилдэг эрэгтэй гол дүр, Жулиягийн дүрээр Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг шилдэг эмэгтэй гол дүр, О”Брайены дүрээр Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг шилдэг эрэгтэй туслах дүрийн номинацад тус тус өрсөлдөх юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.