Дэлхий нийтийг түгшээсэн “Эбола” вирус

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 08

-Баруун Африкаас дэгдсэн "Эбола" вирус газар авч байна-

Эбола вириус дэгдсэн цагаасаа хойш Африк тивийн түүхэнд байгаагүй хохирол учруулж газар авчсаар байна. Уг вирусын халдварын дэгдэлт сүүлийн үед дэлхийн хэд хэдэн оронд гарч, үргэлжилсээр олны анхаарлыг ихээхэн татаж, санаа зовоож байгаа билээ. Вирусаар өвчилсөн хүмүүсийг хүн төрөлхтөнд эмчилж чадахгүй байгаагаас 90 хүртэлх хувь нь амиа алдаж байгаа юм.

Энэхүү вирусын халдвар Ливи, Гвиней, Сьерра Леон зэрэг орнуудад тархаж өнгөрсөн гуравдугаар сараас хойш тархсан.  Испани улсад эбола вирусын халдвар авсан анхны тохиолдол өнгөрөгч даваа гарагт бүртгэгджээ. Испанийн Эрүүл мэндийн сайд Ана Матогийн мэдээлснээр Баруун Африкт ажиллаж байхдаа вирусаар халдварласан хоёр санваартныг Мадридад тусгаарлаж байжээ. Гэтэл тэднийг эмчилж байсан сувилагч халдвар авсныг албан ёсоор тогтоосон байна. Тус сувилагчтай хамт ажилладаг нэг хүн болон түүний найз охин, нөхрийг нь эболагийн халдвар авсан байж болзошгүй хэмээн тусгай эмнэлэгт тусгаарлажээ. Ийнхүү Баруун Африкт дэгдсэн вирусын халдвар хэдийнэ Европ, Латин Америкийн улс орнуудад дэгдэж эхэлсэн нь дэлхийн улс орнуудыг багагүй түгшээж байгаа юм. Эрдэмтдийн хамгийн сүүлд гаргасан тооцоогоор аравдугаар сарын сүүлч гэхэд эбола вирусын халдвар Францад дэгдэх магадлал 75, Их Британийн хувьд 50 хувь гэв. Мөн Бельги, Испани, Швейцарь зэрэг улсуудад дэгдэх магадлал өндөр байгааг анхааруулаад байна.

Энэ сарын 01-ны байдлаар тус вируст халдварын нийт  тохиолдлын тоо өссөн дүнгээр 7248 тохиолдол болж, 3380 (47%) нас баралт бүртгэгджээ. АНУ-д Эбола вируст халдварын анхны тохиолдол батлагдаж, бүртгэгдсэнийг АНУ-ын ЭМБ, ДЭМБ-аас мэдээлсэн юм. Саудын Арабын ОУЭМД-ийн Үндэсний зохицуулагчаас ДЭМБ-д MERS-CoV-ийн лабораториор батлагдсан 8 шинэ тохиолдол, 2 нас баралт, 2014 оны 9 дүгээр сарын 30-нд ЭСХАХ-ий Европийн холбооноос Австри улсын Веннад 1 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн байна. Одоо дэлхий дахинд нийт лабораториор батлагдсан 853 тохиолдол, нас баралт 301 тохиолдол бүртгэгджээ. 

-Хүүхдүүдийн дунд тархах магадлал өндөр-

Энэ оны 8 дугаар сарын дунд үеэс АНУ-ын Миссури болон Иллиной муж, улсуудын хүүхдийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дотор D68 энтеровирүсээр (EV-D68) сэдээгдсэн хүнд явцтай амьсгалын замын халдварын дэгдэлт гарч эхэлснийг АНУ-ын ӨХСТ саявтар мэдээлсэн билээ. Өнгөрөгч есдүгээр сарын 18-ны байдлаар энэ халдвар АНУ-ын 18 муж улсад тархаж, нийт 153 хүнийг өвчлүүлээд буй тул ДЭМБ амьсгалын замын цочмог халдвараар өвчлөгсөдийн дотор, ялангуяа багтраа зэрэг хүндрэх хандлагатай хүүхдүүдийн дунд энэ халдвар тархаж болох эрсдэл ихсэж буйг гишүүн орнууддаа анхааруулж байна. 

-Шинж тэмдэг-

Эбола вирусын халдвар нь цочмог явцтай халдварлалт, нас баралт өндөртэй, вирусээр үүсгэгддэг, шууд ба шууд бус замаар дамжин халдварладаг өвчин. Халдвар авсан хүмүүсээс 50-90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай байдаг. Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног байдаг. Гэнэт өндөр хэмтэй халуурч, бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Дараа нь бөөлжих, суулгах, цусархаг тууралт гарах, цус алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчнөөр нас нөгчигсдийг оршуулах үед цогцост шууд хүрвэл вирус нь дамжих магадлал ихтэй гэнэ. 

-Монгол улс ширээний дасгал сургуулилтанд оролцлоо-

ДЭМБ-ын НДББ-ээс ширээний дасгал сургуулилт хийлээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Эбола вируст халдварын эрсдэлийн үеийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлын чадавхийг үнэлэх, мэдлэг дадлыг сайжруулах зорилготой зайны ширээний дасгал сургуулилтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. 

Энэ сургалтанд НДББ-ийн 26 улс оролцож байгаа бөгөөд өчигдөр Монгол Малайз, Вьетнам, Солонгос, Сингапур, Лаос, Бруней зэрэг 12 улс оролцжээ. Харин өнөөдөр бусад улсуудад үргэлжлэнэ. Сургалтанд манай улсын ОУЭМД-ийн үндэсний зохицуулагч болон түүний ажлын алба болох ХӨСҮТ-ийн 15 эмч, мэргэжилтан, ЭМЯ, ДЭМБ, МХЕГ, хэвлэл мэдээллийнхэн зэрэг хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцов.

Уг сургалтаар “Эбола вируст халдвар”-ын болзошгүй эрсдэлийн үед ажиллах бэлэн байдал ямар түвшинд байгаа, мэргэжлийн байгууллагуудын оролцоо, бусад салбарын хамтын ажиллагааны уялдаа холбоо, хариу арга хэмжээ авах чадавхийн үнэлэх, эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулах, чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм байна.

Х.Даваа

 

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх