П.Идэржавхлан: Өдий зэрэгтэй яваа минь нутгийн минь уул, ус, заяа түшиж явдгийнх

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 26

 

Өдий зэрэгтэй яваа минь нутгийн минь уул, ус, заяа түшиж явдгийнх

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, "Ижий энтэй эгч", "Аавыгаа санахаар", “Хөөрхөн тэр минь”, "Дүүгээ санана", “Дорнын бүсгүй”  зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин П.Идэржавхлан уран бүтээлийн хоёр дахь тоглолтоо энэ сарын 4-нд хийхээр болжээ. Тэрбээр өөрийн олон сайхан хит дуунуудаасаа түмэн олны талархлыг ихэд хүлээсэн “Ижий энэтэй эгч” хэмээх эрхэм сайхан дуугаараа тус тоглолтоо нэрлэсэн аж. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Тун удахгүй “Ижий энтэй эгч” нэртэй тоглолтоороо сонсогчидтойгоо уулзах гэж байна. Энэ удаагийн тоглолтоо яагаад энэхүү дуугаараа нэрлэх болов?

-“Ижий энтэй эгч” дуу маань 2008 онд бүтсэн дуу л даа. Тэр үеэс хойш бас хэсэг хугацаа өнгөрсөн байна. Олон жил сонсогчдын аманд аялагдах сайхан дуу гэж би боддог юм. Залуу дуучин Идэржавхлан гэж хэн бэ гэдгийг олон түмэнд таниулж өгсөн дуу шүү дээ. Тоглолт маань олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн болж байгаа. Ээж, эгч, бүсгүй хүн гэдэг дуу, яруу найрагт үргэлж сайн сайхнаараа дүрслэгддэг, энэ хорвоогийн хамгийн нандин хүмүүс. Тэр утгаараа тоглолтоо энэ дуугаараа нэрлэлээ.

-Ингэхэд та хаана төрж, өссөн хүн бэ?

-Би Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж өссөн хүн. Энэ л нутгийнхаа эд эс болсон хүн дээ. Өдий зэрэгтэй яваа минь нутгийн минь уул, ус, заяа түшиж явдгийнх байх.

-Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн байдаг уу. Урлагийн мэргэжлийг хэрхэн сонгосон бол?

-Яг миний гэр бүлийнхэн дунд урлагийн мэргэжилтэй хүн байхгүй. Гэхдээ их сайхан дуулдаг хүмүүс бий. Найранд гурван дуутай гэдэг шүү дээ. Би хүүхэд байхаасаа л их цангинасан хоолойтой хүүхэд байлаа. Сургуулийнхаа урлаг соёлын арга хэмжээнд идэвхитэй оролцдог хүү байсан даа. Олон ч уралдаан тэмцээнд оролцож байсан. Дуучин болох нь миний хүүхэд насны мөрөөдөл байлаа. Энэ л мөрөөдлөө биелүүлэхээр 2004 онд Соёл урлагийн их сургуульд элсэн орж таван жил дуурийн дуулаач мэргэжлээр суралцсан. Алтан үеийнхээ сайхан багш нараар хичээл заалгасандаа баярлаж явдаг даа. Багш нарынхаа тэр зүтгэл, итгэлийг дааж явах ёстой гэж боддог.

-Тэгэхээр багаасаа мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж яваа байх нь?

-Би багаасаа л дуучин болно гэж боддог байлаа. Тэгээд төмөр пүршин орон дээр гарч зогсоод тоглолтоо хийж байна гэж төсөөлөөд л.

-Хэрвээ та дуучин болоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бол. Төсөөлж байв уу?

-Ер нь би дуучнаас өөр мэргэжилтэй байсан бол гэж бодохоор санаанд юу ч орж ирдэггүй шүү дээ.

-Ингэхэд дуурийн дуулаачийн анги төгссөн хүн яагаад нийтийн дууг сонгох болов?

-Би нийтийн дууг ардын дуу, уртын дууны үргэлжлэл гэж боддог. Монгол хүн учраас монгол түмнийхээ сонсох дуртай тийм л дууг дуулах ёстой гэж боддог. Би дуурийн дуучин гээд опера дуулаад  байх албагүй байх.

-Хамгийн анх ямар дуу бичүүлж байсан бэ. Өөрийн гэсэн дуутай болчихоод ямар сэтгэгдэл төрж байв?

-Анх 2005 онд МУСГЗ Д.Цэцэрлэгийн хөгжим, Н.Пүрэвийн шүлэг “Ижий шүтээн” гээд дууг бичүүлж байсан юм. Энэ удаагаа ээждээ зориулж дуулж байлаа. Их баяртай л байснаа санаж байна. Дараа нь МУСГЗ Б.Бямбабаяр ахын зохиосон “Ижийдээ яарсан сэтгэл” дууг бичүүлсэн. Ингээд “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Дорнын бүсгүй” гээд дуунууд ар араасаа төрөн гарсан даа.

-Удахгүй тоглогдох “Ижий энтэй эгч” тоглолт бусад нийтийн дуучдын тоглолтоос юугаараа онцлог болох вэ?

-Бүх л дуучид бие даасан тоглолтон дээрээ өөрийнхөө онцлог, харуулахыг хүссэн зүйлээ үзүүлдэг байх л даа. Үүнтэй адилаар би ч гэсэн өөрийнхөө уран бүтээлийн хэв шинжид нийцсэн зүйлүүдийг үзүүлэхийг зорьж байна. Миний анхны тоглолт “Аавыгаа санахаар” нэртэй болж байсан. Зуун хувьд амьд тоглож байлаа. Одоо бол unplugged  гэж нэрлээд байгаа шүү дээ. Энэ удаагийн тоглолтоо ч тэгэж л хийнэ. Хөгжмийн найруулга, дуун дээр “Анир” студийн Б.Алтанхуяг ах ажиллаж байгаа. Үзэгчидтэйгээ ойрхон, халуун дулаан уур амьсгалтай тоглолтоор бэлэг барихаар хичээж байна даа. Идэржавхлан гэж хүн юу бодож явдаг, юуг хүсч мөрөөддөг болох, юуг хийж бүтээж байгааг энэ тоглолтноос харж болно.

-Тоглолтонд хэд хэдэн дуучид оролцож ая дуугаа өргөх сураг байсан. Энэ тухайд?

-Олон чадварлаг хөгжимчидтэй хамтран ажиллаж байна. МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Я.Гэрэлчулуун, Б.Болд, Э.Чулуунчимэг зэрэг уран бүтээлчид миний тоглолтонд ая дууны цэнхэр хадаг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

-Шинэ цомог хэзээ гаргах вэ. Төлөвлөж байгаа юу?

-Энэ хонь жил их сайхан жил гарч байна. Энэ жилийн эхэнд би тоглолтоо хийх гэж байна. Тоглолтоо энэ сайхан энх улиралд ирж байгаа үед хийх гэж байгаадаа баяртай л байна. Энэ жилийн уран бүтээлийн маань өнгө аяс их өнгөлөг, үр бүтээлтэй байна гэж найдаж байгаа. Хийхээр төлөвлөсөн ажлууд маш их байна. хамгийн түрүүнд цомгоо гаргана. Цомгийнхоо дуунуудыг дүрсжүүлж, сонсогч, үзэгчдэд хүргэх ажлуудаа эрчимжүүлж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх